• Эхлэл
  • Гурван улсын нэг тэмүүлэл

Гурван улсын нэг тэмүүлэл

2017/09/27

Монгол-Хятадын анхдугаар экспо. Хөх хот 2017.09.26

Алсаас аварга том гэр хэлбэрийн байгууламжийн орой цайран харагдах нь Өвөр Монголын өөртөө засах улсын нийслэл Хөх хотын ойролцоох “Хөх тал” хурлын цогцолборын ордон. Энэхүү цогцолборт одоогоос хоёр жилийн өмнө буюу 2015 онд Монгол-Хятадын анхдугаар экспогийн нээлт болж байсан юм. Монголын уламжлалт ёс заншлыг урнаар илэрхийлэн байгуулсан энэхүү цогцолбор саяхан буюу наймдугаар сард болсон Өвөр Монголын Өөртөө засах улс байгуулагдсаны 70 жилийн ойн үеэр өнгөө засч, шинэ байгууламж баригдсан гэж Өвөр Монголын нөхөд тайлбарлаж байна. Гэр хэлбэрийн асар том байгууламжийн дизайныг монгол уран бүтээлч гаргасан гэнэ.  

Хөххотоос холгүй орших байгалийн өвөрмөц, үзэсгэлэнтэй талд өнгө өнгийн цэцэгс дунд “Хөх тал” хэмээх хурлын цогцолборын аварга том гэр хэлбэрт энэхүү байгууламжийн өмнө хөлөг морьт баатар цэргүүд эгнэн жагсч, Өвөр Монголын бяцхан жаалууд бүжин, үзэсгэлэнт бүсгүйчүүд алд цэнхэр хадгаа барин Монгол, Хятад, Орос орон орны хүндэт зочдыг угтан авлаа. Энэ бол Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо болон Хятад-Монгол-Оросын хамтын ажиллагааны өндөр түвшний уулзалтын албан ёсны нээлтийн ажиллагааны нэгээхэн дүр зураг юм.

Үүнээс ердөө цаг гаруйхны өмнө буюу есдүгээр сарын 26-ны 09.00 цагт хүндэт зочид Монгол-Хятадын хоёрдугаар экспогийн гол арга хэмжээнүүдийн нэг болох Олон улсын үзэсгэлэн яармагийн төвд нээгдсэн үзэсгэлэн худалдаагаар зочилсон. Үзэсгэлэн худалдаанд 30 гаруй орны 1500 аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ танилцуулдаг. Олон улсын үзэсгэлэн яармагийн төвийн талбайд Монголын гар урлал, ноос ноолууран бүтээгдэхүүн, уран чамин хийцтэй арьс ширэн урлалаас эхлээд чацарганы ундаа, монгол цай гээд ёстой л өнгө бүрийн түмэн зүйлийн бараа бүтээгдэхүүнийг танилцуулан худалдаалж, орон орны төлөөлөгчид өөр өөрсдийн өвөрмөц мэндчилгээ, урлагийн тоглолтоо сонирхуулж байлаа. Энэ үзэсгэлэн худалдаанд зөвхөн Монголоос гэхэд 370 гаруй аж ахуйн нэгж оролцож буй. Хоёр жилийн өмнө болсон анхны үзэсгэлэн худалдаанд оролцсон туршлагатай аж ахуйн нэгжүүд ч олон. Тэд үзэсгэлэн яармаг нь бараа бүтээгдэхүүний танилцуулах маш үр өгөөжтэй арга хэмжээ болдог гэж ам сайтай байлаа.

Мэдээж хэрэг, худалдаа наймаанаас гадна хөрш улсуудын төр засаг болон бизнесийн байгууллагууд өндөр хэмжээнд яриа хэлэлцээр өрнүүлж, хамтын ажиллагаа, түншлэлийн маш чухал асуудлуудыг шийддэг. Зөвхөн энэ удаагийн экспогоор 20 гаруй яриа хэлэлцээр, санамж бичгийг албан ёсоор баталгаажуулах бөгөөд экспогийн үеэр дөрвөн үндсэн чиглэлийн 22 арга хэмжээ зохион байгуулах юм.

Зочид төлөөлөгчил, бизнесийн түншүүд хурлын нээлт хийгээд дөрвөн үндсэн чиглэлээр зохиогдож буй форум, хэлэлцүүлэг, бүтэн таван өдрийн турш үргэлжлэх үзэсгэлэн худалдааны үеэр санал бодлоо солилцож, бизнес, ажил хэргийн яриа хэлэлцээр хийнэ гэдэг алдаж боломгүй боломж юм. Тэр тусмаа төр засгийн хэмжээний уулзалтуудаар хөрш орнуудын хамтын ажиллагааны олон чухал асуудлыг хөндөн ярилцахаас гадна эрдэмтэн судлаачид санал бодлоо солилцож, харилцан туршлага судалдаг.

Хөх хотноо болж буй хоёр дахь удаагийн энэхүү экспод 30 гаруй орны 1500 аж ахуйн нэгж өөрсдийн бараа, бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа бөгөөд Монгол Улсаас 370 гаруй аж ахуйн нэгж оролцож буй.

 

Анхаарал татсан-Өндөр дээд хэмжээний уулзалт

ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бү Шаолинь удирдан явуулсан Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспогийн нээлт болон Монгол-Хятад-Оросын хамтын ажиллагааны өндөр түвшний уулзалтад:

-ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн

-БНХАУ-ын Худалдааны туслах сайд Ли Чөнган

-Монгол Улсын Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар

-Монгол Улсын Их хурлын дэд дарга Я.Санжмятав

-ОХУ-ын Красноярск хязгаарын нэгдүгээр орлогч дарга Пономаренко нар мэндчилгээ дэвшүүлэн үг хэлж, хөрш орнуудын хамтын ажиллагаа улам бүр амжилттай өрнөн, ялангуяа Монгол-Хятадын экспо онцгой чухал нөлөө үзүүлж байгаа, цаашид ч экспо арга хэмжээний цар хүрээ, үр дүн улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байв. 

Мөн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн Д.Мурат, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг нарын албаны төлөөлөгчид, яамдын төрийн нарийн бичгийн дарга нар, Засгийн газрын агентлагуудын дарга нар болоод аймгуудын Засаг дарга нар оролцож байгаа юм.  

Алтан гурвалжин-Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор

Монгол-Хятад-Орос бол мөнхийн хөршүүд. Тэр тусмаа Евро-Азийн бүс нутгийн худалдаа, хамтын ажиллагааны гол түшиц газар, дэд бүтцийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэх боломжтой улсууд. Тийм ч учраас Монгол-Хятад-Оросын эдийн засгийн засгийн коридор бүс нутгийн төдийгүй дэлхийн эдийн засагт ч нөлөө үзүүлэх томоохон гурван улс анхаарал хандуулж байна. Энэ бол төмөр зам болон АМ-3 хэмээх автотээврийн хурдны зам болон дэд бүтэц, хамтын ажиллагаа ложистикийн асуудлыг бүхэлд нь цогцоор нь шийдэх маш төмөр хөтөлбөр. Үүнийг гурван улсын ЕвроАзийн төдийгүй дэлхийд чиглэсэн хамтын ажиллагааны томоохон алхмын эхлэл гэж талууд томьёолж байна.

Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор хэмээх энэхүү бүтэн цогц хөтөлбөр нэлээд эртнээс яригдаж Монгол, Хятад, Оросын тэргүүн нар гурван удаагийн уулзалтыг гурван удаа зохион байгуулснаар 2016 оноос албан ёсоор эхэлж, одоо тооцоо судалгаа, хамтын ажиллагааны эхний ажлууд хийгдэж байгаа. Энэ хүрээнд 7 үндсэн салбараар 32 төсөл хэрэгжүүлэх юм. Товчхон хэлэхэд энэ бол Монгол, Хятад, Орос гурван улс ЕвроАзийг холбосон дэлхийн хэмжээний томоохон ажлын гараагаа амжилттай эхэллээ гэж тодорхойлж болох юм. Өөрөөр хэлбэл, хөрш Монгол, Хятад, Орос гурван улс дэлхийн эдийн засагт нөлөөтэйд тооцогдох томоохон зорилго нэгэн тэмүүлэлд нэгдээд байна гэсэн үг.  

Магадгүй хэдхэн жилийн дараа Монгол-Хятад-Орос улсууд дэлхийн хэмжээний дэд бүтцийн сүлжээ байгуулснаа зарлан тунхаглах болтугай гэж бүгд найдлага тавьж байна. Үүнээс гадна

Энэ мэтчилэнгээр хөрш улсуудын хувьд ярих хэлэлцэх асуудал, хийх хэрэгжүүлэх томоохон төсөл, хамтын ажиллагааны төлөвлөгөө олон бий. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд Монгол-Хятадын экспо онцгой нөлөө үзүүлэх учиртай.

Амжилт арвин, алсын зам дардан байг ээ.       

Ийнхүү есдүгээр сарын 26-нд эхэлсэн Монгол-Хятадын хоёрдугаар экспо энэ сарын 30 хүртэл үргэлжлэх бөгөөд бид цуврал сурвалжлагыг хүргэх болно.

 А.Алтантуяа. Хөх хот


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин