Өчигдөр буюу аравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2 326 төгрөг, юаньтай харьцах ханш 345.21 төгрөг.
Мөн энэ өдөр арилжааны банкууд ам.долларыг 2,330 төгрөг авч, 2,335 төгрөгөөр зарч байв. Харин бэлэн худалдаж, худалдан авдаг зах буюу бидний нэрлэдгээр Найман шарга ам.долларыг 2330 төгрөгөөр худалдан авч, 2,335 төгрөгөөр худалдаж байна.
Одоо “Пөөх, долларын ханш арай хэтэрлээ” гэж битгий хашгираарай. Тэртэй тэргүй сүүлийн хагас жилийн турш бид хангалттай уулга алдсан. Монголбанкны зүгээс бодлогын хүүг өсгөснөөр ам.долларын ханшийн өсөлтийг бага зэрэг тогтоон, буулгалаа гэж тайлбарласан арваад хоногийн эс тооцвол.
Бид тэгвэл хаашаа хашгирах ёстой вэ?
Ам.долларын ханшийн өсөлт зарим талаараа дотоодын үйлдвэрлэгчдийн идэвхийг сэргээх нэг эерэг тал байдаг. Гэхдээ огцом, өсөлт хэлбэлзэл бас өөр, өөрийн сөрөг, эерэг талуудтай. Жирийн иргэдийн хувьд ерөнхийдөө валютын ханшийн нөлөөлөл аажим бага байдаг ч популистуудын хувьд хангалттай “сайхан” сэдэв болдог.
Энд жил бүрийн гуравдугаар улиралд гадаад валютын эрэлт хамгийн ихэсдэг, нефтийн болон бусад хэрэглээний бараа импортлогч компаниудын татан авалт эхэлдэг зэрэг гэх мэт нөлөөллүүд байдгыг тайлбарлаад ч олон нийт сонсохооргүй болчихоод байна. Тэртэй тэргүй урт хугацаанд ам.долларын ханш өссөөр байна гэсэн нйитлэг төрх байгаа болохоор.
Магад Мөнгөний бодлогыг УИХ-аар хэлэлцүүлж байгаа энэ өдрүүдэд “Долларын ханшаа барьж чадсангүй” гэсэн популистдуу загналт удахгүй сонсогдож магадгүй. Уг нь бол бид эрэлт, нийлүүлэлтэд суурилсан зах зээлийн нийгэм рүү шилжээд чамгүй удаж байгаа улс. Мэдээж Монголбанкны бодлогын зохицуулалт байлгүй л яах вэ? Гэхдээ өнөөхөндөө Монголбанкны ерөнхийлөгчийг чуулганы танхимд, камерын өмнө гөлөлзүүлэн загнаад ч нэг их нэмэр болох нь юу л бол?
Тэгвэл одоо яах ёстой вэ?
Санхүүгийн илүү нарийн ойлголт, зохицуулалт, нөлөөллүүдийг түр орхиод энгийн зах зээлийн зарчмаар бодоод үзвэл Монголын эдийн засагт ам.долларын ханшийг багасгая гэвэл нийлүүлэлтийг нэмэх ёстой гэсэн замыг санхүүгийн наад захын ойлголттой хүн хэлэх болов уу? Ханшаа барь гэж мянга хашгираад нэмэргүй, харин нийлүүлтийн урсгалыг нь ханга гэсэн үг.
Хэдийгээр өмнөх Засгийн газрыг зээлийн хүүнд унагалаа гэж өөрсдөө шүүмжилж байсан ч өнөөдрийн эрх баригчид хөрөнгийн урсгалыг татаж авчрахаас өөр зам үлдээгүй бололтой. Урсгал ч гэж дээ, зээл, тусламж. Тэр ч замаар Засгийн газар явж байгаа бололтой, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь бадар барихаар гадаад руу зорилоо гэсэн мэдээллүүд гарсан. Дээрээс нь Олон улсын валютын сангийн тусламжийг авах тухай яригдаж буй. Одоо байгаа мэдээллээр бол
- ОУВС-тай тохиролцоонд хүрч чадвал Дэлхийн банк, ЖАИКА, Азийн хөгжлийн банк зэрэг дөрвөн донор байгууллагуудаас нийт 2.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл, тусламж
- УИХ-ын даргын БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд Хятадын Эксим банкнаас 1.0 тэрбум ам.долларын зээл
- Донор байгууллагуудын хөнгөлөлттэй зээл, тусламж авахгүй тохиолдолд БНХАУ-аас 2 хувиас бага хүүтэй, 20-иос дээш жилийн хугацаатай 3.0-4.0 тэрбум долларын хөнгөлөлттэй зээл авах тухай мэдээллүүд бий.
Энд ОУВС сан зээл олгохдоо төсвийн зардлаа танах, үр ашиггүй хөрөнгө зарцуулалтыг багасгах гэх мэт “хэтэрхий” их шаардлага тавьдаг учраас Хятадын банкны зээлийг амарчлан авах гэж байгаа. Хятадаас зээл авснаар тусгаар тогтнолоо алдана /энэ бол бас арай л хийрхсэн мэт тайлбар л даа/ гэх мэт олон өнцөг яригдсаар байгаа.
Гэвч энэ бүхний эцэст эрх баригчид хамгийн боломжит хувилбарыг сонгох эрх, үүрэг нь байгаа. Мэдээж Монгол Улсын эдийн засаг, санхүүд хамгийн ашигтай байх хувилбарыг сонгох ёстой.
Өөрөөр хэлбэл, ханшаа тогтворжуул гэж Монголбанкийг загнахаас илүүтэй, дутагдаад байгаа валютын урсгалыг татаж ирэхээс өөр аргагүй.
Тэгэхээр Засгийн газар аа, асуудал болоод байгаа валютын нийлүүлэлтийг нэмэхийн тулд зээл тусламжаа авах ёстой бол ав. Гэхдээ хамгийн зөв, боломжит хувилбараар. Чадахгүй бол ханшаа барь гэж худлаа попилустдах хэрэггүй гэж хэлэх нь зүйтэй болов уу?
А.Туяа
Сэтгэгдэл байхгүй байна