• Эхлэл
  • “Шинь Шинь”-ийн ШИНЭ мэдээ

“Шинь Шинь”-ийн ШИНЭ мэдээ

2024/08/05

Уул уурхайн салбарынхны хувьд анхаарал татам нэгэн үйл явдал болсон нь Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт  "Улааны" холимог металлын ордод олборлолт, баяжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  "Шинь Шинь" ХХК олон улсын чанарын ISO 9001:2015,  хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй ажиллагааны ISO 45001:2018 стандартын гэрчилгээгээ гардан явсан онцлог агшин байлаа.

ISO стандарт гэдэг өөрөө тухайн байгууллагын стандарт, үнэлэмж, чанар аюулгүй байдлын илэрхийлэл байдаг. Товчхондоо ISO стандартын ямар шалгуурыг хангасан бэ гэдгээр нь тухайн байгууллагыг дүгнэж болно гэсэн үг ч гэж хэлж болно. Энэ бол зөвхөн гэрчилгээ төдийнхөн бус байгууллага хамт олны нарийн чанд ажиллагаа, тогтсон соёл, хөдөлмөрийн илэрхийлэл гэж хэлж болох юм гэдгийг олон улс даяар хүлээн зөвшөөрдөг учраас. Тийм ч учраас энэ бол уншигчдын хувьд ШИНЭХЭН мэдээлэл болохоос биш “Шинь Шинь”-ийн хувьд удаан хугацаанд бэлтгэсэн ажил хөдөлмөрийнх нь батламж юм. Мэдээж уул уурхай болон бизнесийн салбарынхны хувьд GOOL болоод GOOD мэдээ.  

Тиймээс “Шинь Шинь” ХХК-ийн удирдлагууд “Энэ бол нийт ажилчид хамт олны  маань асар их хүч  хөдөлмөрийн үр дүн юм. Энэ бол бидний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд мөн маш их их хариуцлага” гэж онцолж байлаа.  Үнэхээр ч олон улсын ISO стандартыг жинхэнэ ёсоор нэвтрүүлэхийн тулд маш олон сургалт судалгаа хийж, зөвхөн гэрчилгээ авах төдий биш үйл ажиллагааныхаа мөрдлөгө, алхам тутмынхаа хэвшил болгоно гэдэг өөрөө нөр их хөдөлмөр. 

Нэгэнтээ насаараа уул уурхайн салбарт ажилласан уурхайчнаас

-Та аюулгүй ажиллагааны дүрмийг хэрхэн мөрдөн ажилладаг вэ? гэж асуухад

-Аюулгүй ажиллагаа бол миний мөрдөх ёстой дүрэм биш, миний АМЬДРАЛЫН ХЭМНЭЛ гэж хариулж байсан юм.

Маш товчхон бөгөөд гайхалтай энэ хариулт маш гүн гүнзгий агуулгатай, товчхондоо уурхайчны амьдралын илэрхийлэл болсон гайхам бус жишээ. Гайхам бус гэдгийн учир нь уул, уурхайн ажиллагаа гэдэг ерөөсөө л маш нарийн зохион байгуулалт, хатуу сахилга бат, олон жилийн нөр хөдөлмөр гэдгийг хүн төрөлхтөн богино бус хугацаа нотлон хариулсан болохоор. Харамсалтай нь Монголын хувьд яг нарийвчлан хэлбэл энгийн иргэд бидний хувьд энэ ойлголт эсрэгээрээ муухан зураглалтай байдаг.

Харин яг одоо бол Монголд уул уурхай богино хугацаанд маш сайн тал руугаа хөгжиж байгаа сайн талыг бид олж харах цаг нэгэнт болоод байна. Үүний ч нэг жишээ нь өгөрсөн цаг хугацааны муу жишээнүүдийг арилгаж, шинэ түүхийг бичилцэж байгаа компаниудын нэг “Шинь Шинь”-ийн ШИНЭ мэдээ баталгаажуулж байна гэсэн үг.

Ийнхүү ШИНЭ амжилт болсон гэрчилгээгээ гардаж авахад нь тэдэнтэй ярилцах зуур аюулгүй үйл ажиллагаа, компанийн соёлыг байнга эрхэмлэдэг гэдгээ онцгойлон хэлж байсан нь санамсаргүй зүйл биш юм.

Сэтгүүлч хүний сониуч зангаар ямар стандарт, дүрэм журам мөрддөг, ямар зорилт тавьж байгаа, онцгой анхаарах зүйлс, тулгарч буй сорил бэрхшээл гээд л олныг асууж ярилцсан. Харин тэр бүхнийг дэлгэрэнгүй өгүүлэхээс илүүтэй  тус компанийн ТУЗ-ын дарга Сун Гуй Мин: 

- Үйлдвэрлэлийн хүчин чадал, бүтээгдэхүүний чанар, хөдөлмөрийн орчныг  сайжруулах,  ажилчдын  тав тухтай  орчныг бүрдүүлэх, байгаль  орчноо хамгаалах  шаардлагыг  бид хуулинд заагдсан ном журмын дагуу, өдөр  тутам  чанарын өндөр төвшинд хийдэг. Хуулинд заагдсан ном журмаас  илүү ихийг  хийхийг хичээдэг, ялангуяа байгаль орчны чиглэлээр...  гэсэн нь дээр дурдсан уурхайчны амьдрал болсон үгийг санагдуулам мөртлөө даруухан хариултыг онцгойлмоор санагдсан. Өөрөөр хэлбэл дүрмэнд заасан учраас хийх ёстой бус илүү ихийг бүтээх, илүү аюулгүй байх, илүү соёл хандлагыг мөрдлөгө болгох чинь сэтгэлээсээ тасралтгүй хийж байгаа ажил нь юм аа гэдгийг даруухнаар илэрхийлж байгаа хэрэг.

Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжээр тасралтгүй 8 жил шалгарч байгаа “Шинь Шинь” ийнхүү  ISO 9001:2015 болон ISO 45001:2018 стандартын гэрчилгээгээ баталгаажууллаа.

Эдний толгой компани БНХАУ-ын алдарт CREC групп дэлхийд томд тооцогдох аварга, олон улсын стандартуудыг баталгаажуулсан түүхтэй.  Тийм ч учраас тэдний компанийн соёл, хандлага, ирээдүйн амжилтад эргэлзэх хэрэггүй юм.

Эцэст нь бас нэг шинэ мэдээлэл дуулгахад эднийх тун удахгүй Байгаль орчны менежентийн ISO стандартыг нэвтрүүлэх гэж байгаа аж. Өмнөх чанарын болон аюулгүй ажиллагааны стандартыг нэвтрүүлэн ажиллахад ШУТИС-ын эрдэмтэн багш нартай хамтран ажилласан бөгөөд гурван стандартыг зэрэг нэвтрүүлэхээс илүүтэй байгаль орчны менежментийн бэлтгэл сууриа ханган ажилласан. Тийм ч учраас энэ стандартыг баталгаажуулахад  цэвэр техникийн болоод цаг хугацааны асуудал л үлдээд байгаа аж.

ТУЗ-ын дарга Сун Гуй Мин “Нэгэнт бэлтгэлтэй байгаа үүнээс ч илүү богино хугацаанд баталгаажуулах боломжтой” гэж итгэлтэйгээр өгүүлж байна.  

Мэдээж дүрэм биелүүлэхийн тулд бус алхам тутамдаа байгаль орчныг хамгаалах ажлаа төлөвлөгөөнөөсөө илүү хийгээд явж байгаа учраас. Тиймээс

-Та бүхний дараагийн зорилтот ажил удахгүй Байгаль орчны менежентийн ISO стандартыг нэвтрүүлэх гэж ойлгож болох уу гэсэн асуултад

-Тэгж ойлгож болно гэж дорны хүний болгоомжтой даруу зангаар хариулна билээ.

Ингээд шинэ сайхан мэдээ дуулгасан “Шинь Шинь”-ийн хамт олонд дахин шинэ амжилтыг хүсэн ерөөе.

 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин