• Эхлэл
  • Ч.Сайханбилэг:Хэрвээ авлига авсан бол ял шийтгэл хүлээхэд бэлэн

Ч.Сайханбилэг:Хэрвээ авлига авсан бол ял шийтгэл хүлээхэд бэлэн

2018/05/07

Хорих 461-р ангид хоригдож буй Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ил захидал илгээжээ. Ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

ИЛ ЗАХИДАЛ

Ч.Сайханбилэг миний бие Та бүхэнд 461-р хаалттай хорих ангиас хандан энэхүү Ил захидлыг бичиж байна.

Хорих ангийн алхах гишгэх зайгүй жижиг умгар өрөөнд өргөст торны цаана өдөр хоногийг өнгөрөөн бие, сэтгэлийн там эдлэн суухын зовлон хэцүүг хичнээн дүрслэн тайлбарлаад ч энд орж үзээгүй хүмүүс ойлгохгүй буй за.

Үнэхээр идсэн уусан, эрүүгийн хэрэг хийсэн бол төрийн цээрлэлийг эдлээд л гарна. Харин Үндсэн хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлж, эх орондоо хэрэгтэй том төсөл хөдөлгөсөнийхөө төлөө ингэж суух нь үнэхээр эгдүүцмээр.

Оюутолгойн гүний уурхайн төслийг хөдөлгөснөөр юуны өмнө 2016 оны сүүлээр учрах байсан, одоо ч ярихгүй байгаа төсөв, санхүүгийн default-аас Монгол улс зайлж чадсан юм. Өнөөдрийн 5 хувийн эдийн засгийн өсөлтийн талаас илүүг буюу 3 орчим хувийг Оюутолгой бүтээн байгуулалт хангаж байна. 3000 хүртэл буурсан  Монгол ажилчид өнөөдөр 14000-д хүрч, мянга илүү аж ахуйн нэгж, 41000 хүн бизнесээ тэлэх боломж оллоо. Жилдээ хасах 200 сая доллар хүрч буурч байсан гадаадын хөрөнгө оруулалт 1,5 тэрбум доллар болж өсөн, үүний 3 доллар тутмын хоёрыг нь Оюутолгой гүний уурхайн хөрөнгө оруулалт хангаж байна.

Хэрэв 2015 онд энэ төслийг хөдөлгөөгүй бол жил бүр 400 орчим сая долларын хэмнэлт орлогоо бид алдах байлаа. Хамгийн гол нь 2015 онд хөдөлгөөгүй бол 2020 онд гүний уурхайн олборлолт эхлэхгүй байх байлаа.

Тэр үед эхлүүлээгүй бол өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг харсан ч хамгийн өөдрөг, хурднаар төсөөлөхөд 2025 он, түүнээс цааш л гүний уурхайн олборлолт эхлэхээр байсан нь улам тодорхой болж байна. Хамгийн багаар бодоход 5-10 жил түүнээс ч их хугацаа алдахаар байжээ. Үүнийгээ жилийн 400 сая доллараар үржүүлээд үз дээ. Бидний шийдвэр гараагүй байсан бол алдах орлогын зөвхөн нэг хэсэг. Үүнийг манайд хэн ч нэхдэггүй, хэн ч хариуцлага тооцохыг шаарддаггүй.

Оюутолгой гүний уурхайн төслийг хөдөлгө гэдэг даалгаврыг Ерөнхий сайдын хувьд би Ард түмнээсээ авсан юм. 450,0 мянга орчим иргэн мессэжээр анх удаа саналаа өгч энэ төслийг түргэн эхлүүлэхийг 60 гаруй хувь нь даалгасан билээ. Тухайн үеийн УИХ хоёр ч удаа тогтоол гарган Оюутолгойн гүний уурхайн төслийг эхлүүлэх даалгаварыг Засгийн газарт өгсөн.

Урт удаан хугацаанд үргэлжилсэн хэлэлцээрийн явцад  Засгийн газар уг асуудлыг хэд хэдэн удаа хэлэлцэж, эцэст нь Санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг холбогдох албан тушаалтнуудад олгосон юм.

Энэхүү төслийг хөдөлгөх шийдвэрийг тухайн үед Парламентад суудалтай улс төрийн бүх нам хүчин оролцсон Хамтарсан Засгийн газрын үед  гаргаснаараа онцлог билээ. Дараа нь УИХ-д албан ёсоор танилцуулж, сонирхсон бүх гишүүдийн асуултанд хариулсан болно. Мөн хамтарсан Засгийн газар буусны дараа 2015 оны Намрын чуулганд нэр бүхий гишүүдээс уг асуудлаар  тавьсан Асуулгын хариуг Чуулганы нэгдсэн хуралдаан дээр өгч, мөн сонирхсон бүх гишүүдийн асуултад хариулсан.

 

 

Үүнээс гадна уг асуудлаар УИХ дахь цөөнхөөс Засгийн газрыг огцруулах саналыг 2016 оны 1 сард өргөн барьж, Оюутолгой гүний уурхайн төслийг хөдөлгөсөн асуудлаар Засгийн газарт хариуцлага тооцох шаардлагагүй гэж УИХ-ын гишүүдийн олонхоор шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл уг асуудалд УИХ ач холбогдол өгч хангалттай цаг хугацаа зарцуулж байр сууриа тодорхой илэрхийлсэн.

Энд нэг зүйлийг онцлон дурдах ёстой. Оюутолгойн гүний уурхайн төслийг хөдөлгөх эсэх, яаж хөдөлгөх зэрэг асуудлууд нь цэвэр бодлогын бөгөөд УЛС ТӨРИЙН шийдвэр юм. Уг төслийн төлбөр тооцоог хэрхэн шийдэх, зардалаа хэрхэн тооцох, санхүүгийн тайлан хүлээж авах эсэх нь гүйцэтгэх засаглалын хүрээнд шийдэх улс төрийн шийдвэрийн асуудлууд байсан. Хэрэв Засгийн газрын тогтоол захирамж нь хууль тогтоомжинд нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу УИХ хүчингүй болгоно гэж

Үндсэн хуулийн 45.2-т мөн холбогдох хуулиудад тодорхой заасан байдаг. /Тухайн үед УИХ дээр ийм асуудал үүсч байгаагүй болно/ Өөрөөр хэлбэл бодлогын буюу улс төрийн шийдвэрийн зөв бурууг Үндсэн хуулиар өөр хэн ч биш зөвхөн хууль тогтоох,  гүйцэтгэх засаглалын байгууллагууд өөрсдөө тогтооно. Энэ үндсэн эрх мэдлээ шүүх засаглал руу шилжүүлбэл засаглал хуваах зарчим алдагдаж жинхэнээсээ Үндсэн хуулийн хямрал руу шилжинэ гэсэн үг. Америк, Англи зэрэг өндөр хөгжилтэй орнуудад улс төрийн шинжтэй асуудлыг шүүх хянаж үздэггүй зарчим тогтсон байдаг юм.

Жишээ дуръдая. 2017 онд Монгол улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж шинээр 2,7 тэр бум долларын өр зээл авах уу, эсхүл алт, нүүрс, зэсийн үнэ нэмэгдэж төсвийн орлого сайжирч байгаа учраас хөтөлбөрт хамрагдалгүй явах уу гэдэг УЛС ТӨРИЙН шийдвэрийн буруу зөвийг 2017 оны нөхцөл байдлыг ойлгохгүй дараагийн УИХ ажлын хэсэг гаргаж шалгана гэвэл яах вэ? Буруу зөвийг нь хууль шүүхийн байгууллага тогтоох уу? Хэнийгээ бас барьж хорино гэх вэ?

Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд Таван толгойнтөслийг хөдөлгөх улс төрийн шийдвэрээ удахгүй танилцуулна гэсэн. УИХ нэг дуугаар, санал нэгтэй дэмжиж чадах уу? Санал зөрөлдсөнөө бас хууль шүүхээр шийдүүлнэ гэхүү? Хорьж шалгах ажил дараа нь бас үргэлжлэх үү? Оюутолгой гүний уурхайн асуудал яг дээрх хоёр жишээтэй адилхан юм. Гурван парламент дамжсан асуудлын дэнсийг гурван шүүгчид  даатгаад орхиж болохгүй ээ. УЛС ТӨРИЙН шийдвэрийн зөв бурууг шүүх тогтоож эхлэх л юм бол  Монгол улсад улс төрийн хоригдолууд л шинээр төрж эхэлнэ. Өнөөдөр Монгол улсын хоёр ч Ерөнхий сайд, Сангийн сайдаар ажиллаж байсан хүмүүс холбогдох албан тушаалтнууд улс төрийн шийдвэр гаргасныхаа төлөө эрх чөлөөгөө хасуулан цагдан хоригдож байна.

Ийм учраас энэхүү ил захидлаараа миний бие та бүхэнд хандан дараахь хүсэлт, санал бодлоо хүргэж байна.

Нэг. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар болон УИХ, Засгийн газрын нийт гишүүдэд:

Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр ч хүн үүрэгт ажлаа гүйцэтгэж, Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлж, УЛС ТӨРИЙН ШИЙДВЭР гаргасныхаа төлөө урт хугацаанд хоригдох залхаан цээрлүүлэлт -“Вышинский”-н аргын амьд хохирогч болж байгаад ҮАБЗ-ийн  гишүүдийн хувьд анхаарлаа хандуулахыг хүсье.

УИХ-ын танхимд нам, бүлгээрээ улс төржиж, маргаж мэтгэлцэн олонхи,  цөөнхөөрөө аливаа бодлого улс төрийн асуудлаар шийдвэрээ гаргадаг нь Үндсэн хуулиар олгосон үндсэн бүрэн эрхийн нэг  билээ. Харин хууль тогтоох, гүйцэтгэх засаглалаас бүрэн эрхээ гуравдагч засаглалд санаатай санаандгүй шилжүүлэх үү гэсэн асуудал өнөөдөр үүслээ. Цаашид УИХ, Засгийн газар улс төр, эдийн засгийн том асуудлуудаа бие даан аливаа гадны нөлөөгүй шийдвэрлэж чадах уу гэдэг асуудал боллоо. Асуудлын зөв бурууг Шүүх бус УИХ шийдэх учиртай. УИХ-ын нийт гишүүдийг нам эвсэл үл харгалзан энэ асуудлаар нэгдмэл нэг хатуу байр суурьтай байхыг хүсч байна.

Оюутолгойн асуудлаар байгуулсан УИХ-ын Ажлын хэсэг нэг талыг барьж ажиллахгүй гэдэгт найдаж байна. Дүгнэлтээ гаргахаасаа өмнө  хэлэлцээрт оролцсон ажлын хэсгийн  гишүүдтэй уулзаж тэдний байр суурийг шорон оронд бус албан өрөөнд сонсож, тодруулахыг хүсэж байна.

Хоёр. Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг, Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан, Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал нар Танаа:

УИХ-ын танхимд өрнөдөг улс төрийн зовлонтой олон асуудлуудыг дүүргийн шүүхийн танхимд шилжүүлэн улс төртэй  хутгалдах хүсэл сонирхол мэдээж та бүхэнд байхгүй гэдэгт итгэж байна. Иймд энэ асуудлыг дахин гаргуулахгүйн үүднээс  эхнээс нь тодорхой байр суурь баримтлахыг Та бүхнээс хүсье.

Тухайн асуудлаар хоригдож буй хүмүүс оргон зайлаагүй, зайлахгүй албан тушаал одоогоор хашаагүй байгаа учраас дахин хэрэг үйлдэх боломжгүй, хуулийн байгууллагуудыг хүндэтгэн бүх талаар хамтран ажиллана гэдгээ удаа дараа илэрхийлсэн билээ. Гэвч зарим хүмүүсийг дахин үргэлжлүүлэн хорих шийдвэрээ ахин гаргалаа. Иймд нийгэмд ч ойлгомжгүй байгаа, бидэнд ч ойлгомгүй байгаа, ямар ч үр дүн авчрахгүй залхаан цээрлүүлэлт болсон цагдан хорих шийдвэрээ эргэн харж, холбогдох шийдвэр гаргахыг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье.

Оюутолгойн төслийг анх эхлүүлэхэд, мөн үргэлжлүүлэхэд гадны нээлттэй хяналттай том компаниас Монгол төрийн ямар ч албан тушаалтан авлига аваагүй гэдэгт миний бие 100 хувь итгэлтэй байна. Хэрвээ ингэсэн бол ямар ч ял  шийтгэл хүлээхэд бэлэн гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье.

Гурав. Хэвлэл мэдээллийн бүх байгууллагууд, нийт сэтгүүлчид, сонин сэтгүүл, ТВ радио болон цахим хуудас,  сошиал ертөнцйн мянга мянган идэвхитэй хэрэглэгч Танаа:

Миний бие Монгол төрөө хүндэтгэн дуудсан цагт нь төрсөн дүүгийнхээ хорт хавдрынх нь эмчилгээг дуусгалгүй эргэн ирж шалгуулсан. Намайг хорьж шалгах ямар ч шаардлага байхгүй байхад 30 хоног хориход ганц үг гадагшаа дуугараагүй. Сар гаран хугацаанд хоригдохдоо уг асуудлаар ганц удаа л байцаалт өглөө. Мэдээж, хүн л юм чинь нэг ч гэсэн өдрийн өмнө настай аавынхаа сэтгэлийг амраахыг, эхнэр хүүхдүүдээ эрхлүүлж нэг үнсэхийг, өнөөдрийг хүртэл аавыгаа эмнэлэгт хэвтсэн гэдэгт итгэж хоног тоолон хүлээж суугаа амьдралыг гүйцэд таниагүй бага охиноо тэврэн авч өвөртөлж нэг унтахыг хүсэлгүй л яахав. Гэхдээ энэ бол энд хоригдож байгаа миний болон 4,5 хувь хүний асуудал биш юм аа. Монгол улсад цаашид улс төрийн хоригдолууд бий болох уу, үгүй юу, Үндсэн хуулийн суурь зарчмууд  ганхах уу, үгүй юу, УИХ, Засгийн газар цаашид хэвийн ажиллаж чадах уу, үгүй юу, хөгжлийг авчрах  том төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх шийдвэрүүдээ гаргаж чадах уу, үгүй юу, цаашид Та бидний үр хүүхдүүд ямар нийгэмд амьдрах вэ гэдэг асуудал болон хөндөгдөж байна.

Хүн ёс, шударга ёс, хууль ёсыг эрхэмлэгчид хөлсний бичээчдээс хамаагүй олон гэдэгт гүн гүнзгий итгэж явдгийн хувьд дээр дурдсан асуудлуудыг зөв шийдвэрлэх, мөн улс орон, эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн Оюутолгойн энэ том төслийг саадгүй үргэлжлүүлж, Цаашид Монгол Улсын хүртэх үр өгөөжийг  нэмэгдүүлэх чиглэлээр Та бүхнийг мэдээ сурвалжлагаараа, нэвтрүүлэг нийтлэлээрээ, постоороо жиргээгээрээ идэвхтэй дэмжиж өгөхийг чин сэтгэлээсээ хичээнгүйлэн хүсэж байна.

Хүндэтгэсэн,

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг

2018 оны 05  сарын 02-ны өдөр

 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин