“Түшиг” группийн захирал Г.Баттүшиг. Монголд хамгийн анх дэлхийн брэндүүдийг оруулж ирж, Улаанбаатарын хамгийн том их дэлгүүрийг байгуулсан гээд түүний зах зээлд гаргасан жим тод. Зах зээлд шилжсэн шинэхэн нийгмийн шинэ замын залуухан бизнесмэн гэж хэлж болно. Бизнесмэнүүд нийгэмд хамгийн сонор, мэдрэмтгий байдгийн хувьд түүний ярилцлага ч анхаарал татдаг. Ингээд Г.Баттүшигийн яриаг хүргэж байна.
-Монголын эдийн засгийг авч явж байгаа хүмүүс бизнесменүүд. Хамгийн мэдрэмтгий бас шинийг эрэлхийлэгчид. Тэр хэрээрээ эдийн засгийн нөхцөл байдлыг хамгийн сайн мэдэж байдаг. Тэгэхээр тантай бизнесийн орчны нөхцөл одоо ямар байгаа талаар ярилцах гэсэн юм? Тухайлбал, улс төрийн нөхцөл байдал, бизнест нөлөө үзүүлж байна уу?
-Үнэндээ ойлгомжгүй байдал бизнесмэнүүдийг айлгаж байна. Улс нь өртэй, дотроо хоёр талцсан, засаг төр нь донсолгоотой. Гадны хөрөнгө оруулалт зогсонги байдалтай. Бизнесменүүд шинийг санаачилж хийдэг байсан зоригтой үе ард үлдэж. Бизнесийн салбарын орчин ойлгомжгүй байгаа учраас бид халагласан, хаширласан, харзнасан байдалтай л байна. Гаднаас хөрөнгө оруулалт хийгээч гээд даллаад бүгдийг уриад байдаг. Тэгсэн мөртлөө орж ирсэн хөрөнгө оруулалтаа хөөж гаргана гээд байгаа. Тэгэхээр ойлгомжгүй байгаа биз. Улс төр, эдийн засаг тогтвортой байхад ямар ч хөрөнгө оруулагч урьж залуулахгүйгээр ирнэ шүү дээ.
-Хөрөнгө оруулагчдыг тайван тогтвортой байлгахын тулд хөрөнгө оруулалтын урт хугацааны гэрээ байгуулдаг. Гэтэл одоо хөрөнгө оруулалтын гэрээнүүдээ цуцал гэсэн яриа ч сонсогдох боллоо. “Рио Тинто”-г Монголоос хөөж гаргах хэрэгтэй гэсэн яриа гарсныг та сонссон байх?
-Монгол улс хөрөнгө оруулагчидтай зөв харьцаж сурах хэрэгтэй. Бид өөрсийгөө гаднаас бодитойгоор харах ёстой. Даахгүй нохой булуу хураана гэхчлэн хамтарч ажиллахгүй хөөж туух байсан юм бол гаднаас хөрөнгө оруулалт татаад яах юм бэ? Энэ их оволзсон ойлгомжгүй байдлаасаа түр амсхийж, асуудлыг бодитойгоор харах хэрэгтэй байна л даа.
-Цаашид төр засгаас бизнес эрхлэгчдийг дэмжсэн ямар зүйл хийх шаардлагатай гэж харж байна вэ?
-Төр засаг тогтвортой л байх хэрэгтэй. Засаг солигдож, халаа сэлгээ хийсээр байгаад мэргэжлийн боловсон хүчингүй болчихлоо, энэ төр. Гэтэл манай хөрш Орос, Хятад улс тогтвортой бодлогоор боловсон хүчнүүдээ ямар сайхан зангидаж ирсэн байдаг вэ. Одоо бол Монгол улсын ерөнхий боловсролын сургалтын системийг өөрчлөх хэрэгтэй гэдэг нь яалт ч үгүй харагдаж байна. Санхүүгийн өр зээл авлага,цалин мөнгөө яаж боддог,татвар,нийгмийн даатгал гэж юу болох. Төр засаг ямар санхүүгийн тогтолцоо дээр суурилдаг зэргийг багаас нь зааж сургавал ирээдүйн боловсон хүчнүүд сонгуульд арай өөрөөр хандах байх гэж бодох юм. Мөн адил хуулийн мэдлэгээр хувь хүний эрх гэж юу юм, төрийн тогтолцоо гэж юу юм гэхчлэн хичээл орох ёстой. Суурь боловсролыг дахин эргэж харах цаг нь болсон.
Улс орны хөгжлийг ярихын тулд Монголд хөгжлийг авчрах үе яг аль үе вэ? гэдгийг тодорхойлох ёстой. Тэд байна хаана байна вэ? Тэр ирээдүйгээ бид яаж бэлтгэх ёстой вэ гэдэг үндсэн асуудал. Бид тэдгээр залуу үедээ нийгмээ цэгцэлж хүлээлгэж өгөх ёстой шүү дээ. Гэтэл бүгд л мөнгөний ардаас явах болж.
-Дээрээс нь гадны улсаас зээлсэн өрийг хэрэгтэй зүйлд зарцуулж чадаж байна уу гэдэг нь их том асуудал шүү?
-Тэгэлгүй яах вэ. Одоо засаглалын асуудлыг нэг тийш цэгцлэх цаг нь болсон. Замбараанд орохгүй бол болохоо байлаа. Тэгэхгүй бол асуудлын хамрах хүрээ бүр л томроод байна. Бидэнд тогтвортой хууль тогтоомж гаргадаг замбараатай төр засаг хэрэгтэй байна. Шинэ шинэ хуулиуд батлагдаад, гэнэт тэрийгээ болиулаад л. Сүүлдээ бүр учрыг нь ч олохоо болилоо шүү дээ.
-Одоо тэгээд яах ёстой гэж та бодож байна вэ?
-Жаахан амсхиймээр байна. Данс тооцоогоо янзлаад ,өр ширээ нимгэлээд хууль тогтоомж, тогтолцоогоо эргэж харж замбараанд ормоор санагдах юм. Ард түмэн олон мэдээлэл дунд төөрчихөөд байна. Мэдээлэл маш хурдан мартагдаж, богинохон санах ойтой болчихсон шиг. Монголчууд хагас галзуурлын байдалтай л байх шиг байна. Бид өөрсдөө энэ хүрээлэл дотор нь байгаа болохоор мэдэхгүй байх шиг байгаа юм. Харин гадны хүмүүс “Танай улс ингээд байгаа юм уу” гэж хэлэхэд нь бодоод үзэхээр нээрээ л сайнгүй байна гэж бодохоор байна. Нэг л барьцгүй замбараагүй, жижигхэн зах зээлтэй байж дэндүү их асуудалтай байна.
-Та 20 гаруй жил бизнес эрхэлсэн. Шинэ үеийн түүхийн бүх л цаг үеийг мэдэж байгаа байх. Яг энэ 20 гаруй жилийг томьёолох гээд үзвэл?
-1990-ээд оны онцлог нь бид юм мэдэхгүйдээ зоригтой байж. Бизнесийн ямар ч тооцоололгүй, бизнес гэдэг зүйлийг мэдэх хүн байхгүй байлаа. Тийм болохоор зоригтой. Хүндрэлийг хүндрэл гэж хараагүй, бүх зүйл шинэлэг байсан. 2000-аад оноос бизнес үндсэндээ тогтворжоод компани удирдаж сурлаа. Бид компани байгуулсан болохоос биш удирдаж сураагүй байж л дээ. 2010-аад оноос хойш бид зах зээлээ дөнгөж ойлгож эхэллээ. 1990-2000 онд бизнесийн зах руу, дараа нь зээл рүү орсон. Ингээд зах зээлд хөл тавьсан даа. Яг одоо байгаа энэ үеийг харахад их сонирхолтой. Бизнесийг хар ухаанаар удирдах эсвэл тооцоогоор удирдаад байгаа юм уу гэдгийг ялгахад бэрх. Ихэнх улс орнууд тооцоо хэлбэр рүү шилжиж байна. Орос, Хятад урт хугацааны тооцоолол дээр үндэслэж ирээдүйгээ тодорхойлж юу хийхээ мэдчихэж байна. Бидэнд ч гэсэн ирээдүйгээ тодорхойлох асуудал тулгарч байгаа. Харин бид энэ тооцооллыг дахин дахин хийгээд цаг алдаад байх шиг. Хийчихээд дахиад өөрчлөөд л, өөр болгоод л. Одоо бараг дөрвөн жил дотроо дахиад нэг Засгийн газар солигддог болчихоод байна. Дахиад засаг унана гэдэг асуудал байж болохгүй. Бид энэ байдлаараа байх юм бол олон жилийг алдана. Юун хөгжил ярих манатай л болно.
-Тэгвэл таныхаар бизнесийн салбарын өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд төр засгийн зүгээс ямар бодлогоор зангидаж өгөх ёстой юм бол?
- Төр засаг, төр засгийнхаа л ажлыг хиймээр байна. Төр засаг төсвөө өргөтгөж байж, эдийн засагт оролцох оролцоогоо томсгосон. Төсвөө томсгохоор зарцуулдаг мөнгө нь их болно. Энэ ачааллууд нь бизнес эрхлэгчдийн нуруун дээр ирдэг. Зах зээл дээрээс банкны хүү мөнгийг үнэтэй хамаад авчихдаг. Банкнууд нь төр засагт өгөх сонирхолтой байдаг. Эрсдэлтэй бизнесүүдэд илүү өндөр хүү өгнө. Өндөр хүү авахаар эргүүлээд төлнө гэдэг бүр ч хэцүү. Харин өрсөлдөх чадварын хувьд гол асуудал нь технологи байсан. Технологи, үйлдвэр, бараа бүтээгдэхүүн олддоггүй байсан бол бүгд л элбэг олдож байна. Ганцхан дутагдаж байгаа зүйл нь бид өөрсдийгөө боловсруулах, тархиа цэнэглэх хэрэгтэй байна даа. Бид боловсролын салбараа хөгжүүлж байж, технологитой мөнгөтэй, үйлдвэрлэлтэй харьцана уу гэхээс тоног төхөөрөмж авчраад ажиллах мэргэжилтэн байхгүй бол яах юм бэ. Өрсөлдөх чадвар гэдэг нь боловсрол чадвар байгаа юм. Тэгэхээр миний харж байгаагаар боловсон хүчин бэлтгэх, өрсөлдөөний зах зээл сайжрахад 20-30 жил шаардагдах байх.
-Танай группийг монголчууд сайн мэднэ, худалдаа, үйлчилгээний компаниудаар тань. Харин одоо өөр төрлийн бизнест хүч үзье гэж бодож байна уу?
- Өөр төрлийн бизнес рүү орно гэсэн бодол алга. Мэдээж олон төрлийн бизнес давхар хийгээд явж байгаа чадварлаг хүмүүс байна. Монголын нэг асуудал нь манайх Хятад, Солонгос улс олон хүнтэй, баян зах зээл биш шүү дээ. Ажиглаад харахад хамгийн сайн худалдан авагч байх ёстой дээд түвшний орлого сайтай хүмүүс гадаад улсаас юм худалдаж авах сонирхолтой байдаг юм байна. Өөрсдийнх нь бизнес Монголд байдаг. Монголоос ашиг олдог мөртлөө гадны улсаас худалдан авалт хийж хөрөнгө оруулдаг болсон байна. Уг нь дотооддоо л худалдаа хийх ёстой шүү дээ. Ялангуяа төрийн гишүүдэд ийм ухамсар байх ёстой.
- Бизнесийн орчинд ямар асуудалд хамгийн ихээр санаа зовж байна вэ?
-Ямар ч бизнес барилга, уурхай, худалдаа ч гэдэг юм уу тухайн бизнесээс хамаарах хамаарал нь багасаад байна. Ямар ч менежмент хийсэн ханшны эрсдэл, хууль тогтоомжийн эрсдэл зах зээл нь өөрөө нээлттэй зэргээр манай бизнесийн салбарын асуудлууд их. Манай бизнесийн зах зээл нь нээлттэй болохоор Оросууд орж ирээд гурван сар шуба зарж байгаад яваад өглөө. Энд Монгол бизнесүүд хоцроод үлдэж байна. Гадны улсуудаас хэн дуртай нь орж ирээд илүүдэл бараагаа зарж байгаад дуусахаар яваад өгдөг. Үндсэндээ хямралын үеийг харахад муу нэртэй луу данстай Монголын компаниуд л үлдэж байгаа биз дээ. Дээр нь тогтворгүй, тодорхойгүй байдлаас болж, бизнес эрхлэгчдэд хүнд байх шиг байна. Маргааш нөгөөдрийг төлөвлөж чадахгүй, өнөөдрөөрөө яваад байна. Үйлчилгээний салбар өөрийн гэсэн онцлогтой. Бизнесээ шууд эхэлж, шууд зогсож болдоггүй. Үйлдвэрээ хаагаад яваад өгч болохгүй үргэлжлээд яваад л байх ёстой. Уурхай бол хаачихаад яваад өгч болж байна. Барилга бол зогсож болно. Үйлдвэрлэлийн салбар гэдэг тогтмол явж байх ёстой. Сайн, муу аль алинд нь ч явж байна. Хямралын үе дууслаа гэхэд эдийн засаг шууд дээшээ өсөх асуудал удаан явагдах байх. Хүндрэлээс гарч ирж байгаа улсууд боломж ирээдүйгээ тодорхой болгож байж л хөрөнгө оруулалт хийнэ. Тэгж байж салбарын өрсөлдөөн үүснэ. Өнгөрсөн хугацаанд өрсөлдөх чадвар багассан гэж харагдаад байгаа юм. Монголд бүх юм байгаа юм шүү дээ. Бараа таваар, хэрэглээ нь бүгд байна. Түүнээс биш олдохгүй юм гэж байхгүй.
-Мэдээж улс төрийн тогтворгүй байдал үүнд нөлөөлж байгаа байх?
-Улс төрийн тогтворгүй байдлууд бизнес эрхлэгчдээс илүү эдийн засгийн зах зээлийн нөхцөл байдалд янз бүрээр нөлөөлж байна. Тавьсан өр зээлийн ихэнх нь валютаар тавигдсан өр, тэгээд төлбөр гарахаар зах зээлд нөлөөлнө. Нааш ороод ирсэн мөнгөөр юу хийсэн бэ гэдэг асуудал их сонирхолтой.
Би хувьдаа Оюутолгойн гэрээг Монгол улс руу их мөнгө татсан сайн гэрээ гэж боддог. Энэ гэрээг байгуулсан С.Баяр түүхэн гавьяатай хүн. Таван толгойн 96 хувийг ард түмэндээ авчирсан. Хамгийн том 70 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг дуудаж авчирч зоригтой алхмууд хийсэн.
Оросын их өрийг Н.Энхбаяр, С.Баяр нар тэглэсэн түүхэн гавьяатай хүмүүс. Ер нь хараад байхад бид үе үеийн тусгаар тогтнолын удирдагч нараа ад үзээд байдаг юм уу даа. Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал гуайг ад үзэж байсан. Сүүлд нь өөд болохоор хайрлаж хамгаалсан болдог. Одоо С.Баяр гуайг ад үзэж байна. Би үүнд их харамсаж байгаа.
-Н.Энхбаяр гуайг ерөнхийлөгч байх үед улс орон арай ч ийм байгаагүй дээ гэж ярих хүмүүс олон болж?
- Асуудал олон байна. Баабар гуай Монгол хүний агуу их үйл ажиллагааны ард маш өчүүхэн бодол оршино гэж хэлсэн байдаг. Магадгүй зарим нь өчүүхэн бодлоор ажил хийгээд явж байгаа хүмүүс байгаа байх. Мөн Монголд авлигын асуудал маш тархсан. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ? Ард түмэнд өөрсдөд нь зориулагдах ёстой төсвийн мөнгийг хамаагүй зарцуулаад байгаад нь уур нь хүрч байгаа. Төсвийн хөрөнгийн зарцуулалт зэргийг ил тод болгоод үр өгөөжтэй үгүй юу гэдгийг нь бас хармаар л байна шүү дээ. Эцсийн эцэст бид Ерөнхий сайд нараа баривчилж хориод гоё харагдахгүй л байгаа юм л даа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Хятад улсад айлчилж байхад, Монголд өөрийнх нь өмнөх үеийн сайдуудыг зэрэг барьж авч хорьж байдаг. Зөндөө л олон хүн хууль хяналтын байгууллагад шалгагдаж байна. Гавьяатай хүмүүс ч бас байна. Хэлмэгдэл явагдчих вий дээ гэж болгоомжлох юм.
-Тэгэхээр таны хувьд хэлмэгдчих магадлалтай хүн гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Ард түмэн ил тод харж байгаа. Улс төрчдийн, намуудын янз бүрийн үзэл бодлууд байгаа байх л даа. Би хувьдаа С.Баярт харамсаж байна. Бид түүний боловсролын ашиглах ёстой. Монгол Улсыг нэн ядуу гэх түвшнээс хөгжиж байгаа орны түвшинд авчирсан хүн С.Баяр мөнөөс мөн шүү дээ. Энэ хүн маш зоригтой алхам хийсэн. Алдаа оноо байгаа л байх. Гэхдээ л яахын аргагүй өнгөрсөн арван жилийг эргээд харахад эдийн засагт хамгийн оргил үеийг авчирсан хүн. Монгол улсын төлөө сэтгэлтэй явдаг хүн гэж боддог. Одоо хүмүүс янз бүрээр хэлж болно. Гэхдээ ирээдүйд түүхэн гавьяа нь харагдах байх. Муу ч сайн ч Ерөнхий сайд байсан хүн оргоод зайлчихгүй л байх, гадуур шалгаж байцааж болдоггүй л юм байх даа.
Сая бол өөрсдөө шалгуулъя гээд ирчихсэн хүмүүсийг барьчихсан гээд хэлчихэд буруудахааргүй үйл явдал болчих шиг боллоо. Би хувь хүний үүднээс үзэл бодлоо л ярьж байгаа юм шүү. Ингэж явсаар шүүх засаглал, их хурал, ерөнхийлөгчийн тогтолцоогоо нурчих вий гэж айж байна. Төрдөө итгэхээ байна гэдэг чинь өөрсдийнхөө тусгаар тогтнолд итгэхээ байна гэсэн үг биз дээ. Бид улс төрийн хар ярианаас өөр болж байгаа бүтэж байгаа зүйлээ ярихаа байчихаж. Уг нь Монголд болж бүтэж байгаа олон зүйл байгаа. Нэг асуудлыг нөгөө асуудлаар хааж болохгүй тус тусад нь харвал зүгээр гэж боддог.
-Таны харж байгаагаар Монголын эдийн засаг хэдийн жилийн дараа хөл дээрээ тогтох шинжтэй байна.
-Манай эдийн засаг өнгөрсөн жил таван хувийн өсөлттэй байсан. Инфляци бас эдийн засгийн өсөлттэйгөө адилхан байсан. Харин энэ жил дөрвөн хувийн өсөлттэй байх шиг байна. Инфляци найман хувьтай байна. Эдийн засаг болж өгвөл инфляциа давж өсвөл бодитой мөнгө орж ирнэ. Тэгэхдээ бид хөгжил гэдгийг мөнгөтэй болох гэж хараад байх шиг байна. Бид хэдхэн жилийн өмнө эдийн засгийн өсөлтийг үзээгүй биш үзсэн шүү дээ. Бүгдээрээ мөнгөтэй болоод, үрээд өрөнд орчихоод сууж байгаа биз дээ. Тэгэхээр хөгжлийг харахын тулд эхлээд менежментээ харах ёстой. Хоёрдугаарт бид хийж үйлдвэрлэж чаддаг зүйлтэй болох хэрэгтэй. Одоо хэдэн ноолуур, махны компаниуд байна. Манай эдийн засаг уул уурхай дээр тогтдог. Уул уурхай дээр тогтсон гэдэг нь уул уурхай өсөх юм бол эдийн засаг хөгжинө гэсэн үг. Уул уурхай унах юм бол эдийн засаг унана гэсэн үг. Ерөөсөө ийм савлагаатай. Эдийн засгийг солонгоруулах ёстой гэж харж байгаа. Зах зээл нь ч жижигхэн учраас хөгжлийг ярихаас илүү тогтворжих асуудал байна. Төр засаг ядаж таван жил тогтвортой явах хэрэгтэй. Бид одоо амсхийх цаг болсон. Хуулиуд нь зах зээлээ хамгаалсан хууль руу орох хэрэгтэй.
ЭХ СУРВАЛЖ:NEWS.MN
Э.Сосорбурам
Сэтгэгдэл (6)