Мони нурууны салбар Далан хар уулын бэлд сүндэрлэх Хөх хот. Хэзээнээсээ цус гарал нэг Өвөр Монголын ахан дүүс Ар Монголын зочид төлөөлөгчдийг элгэмсэг сэтгэлээр хүлээн авдаг, зочломтгой ард түмэн. Дээр нь энэ удаад Өвөр Монголын Өөртөө засах орны нийслэл Хөх хотноо Монгол Хятадын хоёрдугаар экспо зохион байгуулж байгаа болохоор өнөр олон зочид ирж, хөлтэй хөөртэй байлаа. Албан мэдээллээр бол зөвхөн Монгол Улсаас 1600 зочид төлөөлөгч ирж байгаа, зөвхөн Монгол гэлтгүй Орос, Тайланд, Шинэ Зеланд гээд 10 гаруй орны зочид төлөөлөгч форумуудад оролцож, экспо худалдаанд 30 гаруй орны аж ахуйн нэгжүүд бараа, бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа гэхээр үнэхээр хөл ихтэй том арга хэмжээ гэдэг нь харагдана.
Гэхдээ ийм олон зочид төлөөлөгч хүрэлцэн ирж, өдөрт хэд, хэдэн форум, хэлэлцүүлгийн арга хэмжээ давхцан зохиогдож байхад зохион байгуулагч Өвөр Монголын багийнхан түүртэж байгаа зүйл үгүй. Бүх арга хэмжээг нарийн чанд, няхуур төлөвлөн зохион байгуулсан нь харагдана. Энд зөвхөн арга хэмжээг сурвалжлах 400 гаруй сэтгүүлч ирсэн байхад Монгол нь Монгол, Хятад нь Хятад, Орос нь Оросоор харилцах орчуулагч, хөтөч нарыг ч бэлэн зэхсэн. Зөвхөн сэтгүүлчдэд зориулан Олон улсын үзэсгэлэнгийн төвд Мэдээллийн төв байгуулсан нь 30 гаруй компьютер, интернэт холбоогоор бүрэн тоноглогдсон. Маш олон арга хэмжээ зохиогдон, хурлаас хуралд цаг хугацаа шахуу байсан сэтгүүлчдийн хувьд шууд үзэсгэлэнгийн танхимаас мэдээллийн танхим руу шилжин, мэдээ, мэдээллээ шууд Монгол руу дамжуулан, ердөө хэдхэн минутын дараа Монголын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулж байсан үнэхээр бахтай, сэтгүүлчдийн хөдөлмөрийг ч хөнгөвчлөн, тохь тухыг хангаж байлаа. Өчүүхэн зүйлийг ч анхааралгүй орхидоггүй, хөдөлмөрч зангаараа хөтөч охид залуусыг ч бэлтгэж. Хөх хотын төрөл бүрийн дээд сургуулиудын оюутан залуусаас сонгосон 500 гаруй хөтөч, туслагч экспогийн үеэр ажилласан бөгөөд зочид буудлаас орох гарахад хүртэл туслалцаа үзүүлэн, сэтгүүлчдийг ажлаа хийхэд нь тус дэм болохын зэрэгцээ Өвөр Монголын халуун сэтгэлээр хандан, аав ээж мэт элбэрэлтэй, ах дүү мэт тустай сайхан байлаа.
Хэзээнээс сэтгэлд ойр Хөх хотын тухайтад ирэх тусам өнгө нэмэн, өргөжин тэлж байгаа нь харагдана. Монгол Улсын сэтгүүлчийн хувьд миний бие өдгөөгөөс 19 жилийн өмнө 1998 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж ирж, төрийн өндөр дээд айлчлалын бүрэлдэхүүнд багтан анх Өвөр Монгол Улсад хөл тавьсан сан. Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд Сү.Батболд, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын айлчлалын бүрэлдэхүүнд мөн багтан Хөх хотод ирсэн маань ховор тохиолдох учрал гэмээр. Яагаад ч юм бэ Хөх хотод ирэх бүрт “Шинэ хот” зочид буудалд байрлаж байсан байх юм. Зөвхөн эндээс гэхэд л Өвөрмонголчуудын ажилсаг, нямбай зан анзаарагдам. Учир нь ийн ирэх болгонд Шинэ хот зочид буудал өөрчлөгдөн, улам л өнгөлөг гоё болсоор. Анх 19 жилийн өмнө ирж буудаллаж байсан Шинэ хот зочид буудал ч, Хөх хот ч өнгө засан танигдахын аргагүй өөрчлөгдсөөр байгаа нь бахархал төрүүлнэ.
Бээжин хотноо олонтаа тааралдах навчсаа унжуулах аварга саглагар модод, дэлхийд алдартай Сибирийн хөх гацуур гээд төрөл бүрийн модыг Хөх хотны гудамжинд зайгүй шахам ургуулж арчилсан нь мөн л сэтгэл татам. Дээр өгүүлсэнчлэн хэзээнээсээ цус гарал нэгтэй хэмээн дотно сэтгэлээр ханддаг Өвөрмонголчууд
-Улаанбаатар хот Богд уулын энгэрт оршдог, Туул гол дундуур нь урсдан бол манай Хөх хот Далан хар уулын бэлд оршдог, Хар мөрөн хотоор урсдаг гэдгээрээ адилхан гэж өөриймсөж байна. Ерөөсөө л Өвөрмонголчууд бүгд Монгол гарал, угсаагаараа бахархан, байнга үүх, түүхээ яриан, ахан дүүс Ар Монголчуудаа сэтгэлээсээ хүндлэн харилцдаг нь үнэхээр элэг дэвтэн уярмаар.
Ийн ах дүү Өвөр Монголын найз нөхөдтэйгээ таван өдрийн турш Монгол-Хятадын хоёрдугаар форумд амжилттай оролцсон Монголын төлөөлөгчид олон орны хүмүүсээс туршлага солилцон, шинэ мэдээлэл, амжилт дүүрэн, мартагдашгүй дурсамжтай өнгөрөөлөө.
Эдийн засаг, улс төр, нийгэм, боловсрол, эрүүл мэнд гээд чиглэл бүрийн чухал асуудлуудыг хөндсөн хоёрдугаар форум хоёр орны ард түмнүүд үр өгөөжөө өгөн, улам өргөжин тэлэх нь лавтай. Бас ч гэж аяны ганзага дүүрэн, Өвөр Монголын сэтгүүлчидтэй хамтран, Солонго сэтгүүл, Өдрийн сонины тусгай дугаарыг экспогийн үеэр хэвлэн түгээж, хоёр орны сэтгүүлчид мөр зэрэгцэн ажиллалаа.
Тиймээс дараа дахин баяртай уулзсугай хэмээх итгэлээ илгээн, экспог сурвалжлахад гүн туслалцаа үзүүлсэн зохион байгуулагчид, Өвөр Монголын “Өдрийн сонин”, “Солонго” сэтгүүлийн хамт олонд гүн талархал илэрхийлж, ажилд нь амжилт хүсье.
Сэтгүүлч А.Алтантуяа. Хөх хот. Өвөр Монголын "Өдрийн сонин"-ы тусгай дугаар. 2017.09.30
Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу
Б.Лхагважав:Өвөр Монголын зах зээл-том гарц, том боломж
Сэтгэгдэл байхгүй байна