Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Өнөөдрийн хуралдаанаар зургаан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр тов гарсны дотор "Хөтөлбөрийн хэрэгжилтийг зогсоох тухай" гэсэн нэг асуудал олны анхаарлыг татаж байна.
Өчигдөрхөн Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монголын эдийн засаг хүндрээд байгаа талаар мэдэгдэл хийсэн. Тэр дундаа Ардчилсан намын санаачилсан Сайн хашаа, Сайн оюутан гэх мэт хөтөлбөрүүдийг нэлээд онцгойлон авч үзсэн байсан. Мөн түүнээс гадна өмнө нь Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд санхүүжилт дутаж байгаа талаар өгүүлж байсан билээ. Тиймээс эдгээр хөтөлбөрүүдийг зогсоож магадгүй гэсэн таамаг төрөөд байгаа юм. Түүнээс гадна иргэдийн бас нэг тааламжгүй хүлээж авч байгаа зүйл бол орон сууцны 5 болон 8 хувийн хүүтэй зээлийн тухай. МАН-ынхан их, бага хэлбэрээр ипотекийн зээлийг шүүмжлэх болсон нь орон сууцны зээлийг зогсоох урьдач бэлтгэл гэсэн таамаг төрүүлэхээр байгаа. Бүр цаашилбал, 8 хувийн зээлийг зогсоож байж, дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд орон сууц олгоно гэсэн амлалтаа хүчээр биелүүлэх гэж байгаа гэсэн яриа ч дэгдээд байгаа юм. Ямартаа ч ойрын өдрүүдэд хийж буй "цочир" мэдэгдлүүдээс үүдээд олон нийтийн дунд МАН өмнө АН-ын санаачилсан томоохон хөтөлбөрүүдийг зогсоох нь гэсэн таамаг төрөхөөр байна.
Яг ямар хөтөлбөрийг зогсоох гэж байгаа талаар одоогоор ямар нэгэн мэдээлэл байхгүй байгаа бөгөөд энэ талаар 17 цагаас ЗГ-ын ХМОНХХ-ийн дарга, Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Г.Отгонбаяр мэдээлэл хийх аж.
Сэтгэгдэл байхгүй байна