• Эхлэл
  • Норовирусийн халдвараас сэрэмжлүүлж байна

Норовирусийн халдвараас сэрэмжлүүлж байна

2025/01/03

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс (CDC) гаргасан шинэ мэдээллээс үзэхэд ходоодны нийтлэг өвчин нэмэгдсээр байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-наас эхлэн 91 норовирусийн тохиолдол бүртгэгджээ. Энэ нь долоо хоногт 65-аас доош тооны тохиолдол бүртгэгддэг байснаас гэнэт нэмэгдэх болсон нь эрүүл мэндийн салбарынхны санааг зовоож байна. Хэдийгээр дэгдэлт нь бага мэт санагдаж болох ч батлагдаагүй тохиолдол олширсон байх боломжтойг анхааруулах болжээ.

Уг нийтлэг өвчнийг үүсгэгч норовирус нь хэрхэн үүсч, халдварладаг болон халдвар авснаар ямар шинж тэмдэг илэрдэг талаар Жорж Вашингтоны их сургуулийн яаралтай тусламжийн эмч, клиникийн дэд профессор, доктор Лиана Вэн тайлбарлалаа.

Норовирус нь АНУ-д хоол хүнсээр дамжих өвчний тэргүүлэх шалтгаан болдог вирус юм. "CDC"-ийн мэдээлснээр, жил бүр 19 саяас 21 сая хүртэлх бөөлжих, суулгах зэрэг хоол боловсруулах системтэй холбогдох, ходоодны ханиад гэж хэлж заншсан өвчнийг үүсгэдэг. Улмаар 2.2 сая гаруй амбулаторийн үзлэг, 465 мянган түргэн тусламж, 109 мянган эмнэлэгт хэвтсэн өвчтөний батлагдсан тохиолдол бүртгэгдэж байжээ. Заримдаа Норвалкийн вирус эсвэл өвлийн бөөлжилт гэж нэрлэгддэг норовирус нь халдварлуулах чадвар маш өндөр. Суулгалт өвчний 90 гаруй хувь нь уг вирусээс шалтгаалдаг бөгөөд хөлөг онгоцны аяллын үеэр дэгдэх өндөр магадлалтай аж. Түүнчлэн сургууль, өдөр өнжүүлэх төв, шорон болон бусад олон нийтийн орчинд дэгддэг.

ХЭРХЭН ТАРХДАГ ВЭ?

Норовирус нь халдвартай хүнтэй шууд харьцах эсвэл бохирдсон гадаргуугаар дамжин халдварладаг. Хэрэв та халдвартай хүнтэй хоол хүнс, ундаа, багаж хэрэгслийг хуваалцвал вирусийн халдвар авч болно. Мөн халдвар авсан хүний ​​хүрсэн гадаргуу дээр хүрч, дараа нь амандаа хүрэх замаар халдвар авч болно. Нэмж дурдахад, вирус нь бөөлжис, өтгөний жижиг дуслаар дамжин гадаргуу дээр цацагдах боломжтой. Норовирусийн шинж тэмдэг нь дотор муухайрах, бөөлжих, суулгах, гэдэс базлах зэрэг орно. Зарим тохиолдолд ядрах, бага зэрэг халуурах, жихүүдэс хүрэх, толгой өвдөх, булчин өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Биед ямар ч зовуурь илрэхгүй байж байгаад гэнэт дотор муухайрах байдлаар илрэх нь элбэг бөгөөд шинж тэмдгүүдээс болж тавгүйрэх, сандрах зэрэг мэдрэмж төрдөг байна. Гэхдээ нэгээс хоёр хоногийн дараа дархлааны тусламжтайгаар бүрэн эдгэрэх боломжтой. Норовирусийн гаралтай өвчин хүндрэх үед ихэвчлэн шингэн алдаж, маш их, ойрхон суулгадаг.

ХАЛДВАР АВСАН ТОХИОЛДОЛД ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ?

Норовирусийн эсрэг тусгай эмчилгээ байхгүй. Энэ нь вирус тул бактери руу чиглэсэн антибиотик нөлөөлдөггүй. Норовирусийн эсрэг чиглэсэн вирусийн эсрэг эм байхгүй бөгөөд урьдчилан сэргийлэх батлагдсан вакцин ч байхгүй. Ихэнх хүмүүс эмнэлгийн тусламж шаардагдахгүйгээр эдгэрдэг. Насанд хүрэгчид ус болон бусад шингэн, тухайлбал, шүүс, спортын ундаа уух ёстой. Бөөлжих, гүйлгэж буй хүүхдэд тусгайлан боловсруулсан педиалит болон бусад ижил төстэй электролитийн уусмал уулгана. Хэрэв нялх хүүхэд халдварласан тохиолдолд хөхөө сайн хөхүүлэх ёстой байдаг.

ЯМАР ТОХИОЛДОЛД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ АВАХ ВЭ?

Тодорхой шинж тэмдэг хоёроос дээш хоног илэрч, шингэнээ нөхөж чадахгүй болон хүнд өвчинд өртөмтгий бол эмчид хандана. Хэрэв өтгөнд цус илэрвэл, өндөр халуурах, амьсгал давчдах болон бусад ер бусын шинж тэмдэг илэрвэл эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй. Учир нь норовирус бус өөр халдварт өвчин байх магадлалтай байдаг. Норовирусийн шинж тэмдэг хүндэрсэн бол эмчид хандана. Нярай болон бага насны хүүхэд, өндөр настан болон бөөр, зүрхний өвчтэй, дархлаа суларсан зэрэг ноцтой эмгэгтэй хүн эмчийн хяналтад орох шаардлагатай.

Түүнчлэн, бөөлжих, гүйлгэх, гэдэс базлах зэрэг шинж тэмдэг илэрсэн бол олон нийт хоолны газар ажиллахыг хориглоно. МӨн вчний шинж тэмдэг арилснаас хойш дор хаяж хоёр хоног хүртэл бусдын хоол, аяга таваг, багаж хэрэгсэлтэй харьцах ёсгүй. Мөн хоол идэхээсээ өмнө гараа угаах нь зүйтэй. Учир нь халдвар авсан хүний ​​хүрсэн хаалганы бариул, цахилгаан шатны товчлуур, халбага зэрэг ямар ч гадаргуу дээр хүрсэн зүйлд нь хүрвэл халдвар авна. Гэр бүлийн гишүүн норовирусээр өвчилсөн бол амархан тархах эрсдэлтэй байдаг тул өвчтөнийг тусгаарлаж, ариутгал хийх ёстой байдаг.  Түүхий сүү ууж, дутуу болгосон мах идэж болохгүй. Бүх хүнсээ бүрэн болгож хэрэглэх хэрэгтэй. Мөн түргэн хоол, хоносон бүтээгдэхүүн хэрэглэх нь норовирусийн халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг юм. Хүнсний ногоо, жимс жимсгэнийг сайн угааж, түүхий махнаас тусад нь хадгалахаа мартуузай.

ЭХ СУРВАЛЖ: CNN


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин