• Эхлэл
  • 2024 он гадаад харилцааны салбарт оргил жил боллоо

2024 он гадаад харилцааны салбарт оргил жил боллоо

2024/12/27

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. "Монгол Улсын Гадаад бодлогын тэнцвэр, шинэ чиглэл, олон талт хамтын ажиллагаа, 2024 онд хэрэгжүүлсэн айлчлалуудын үр дүн, консулын үйл ажиллагаа" сэдвээр Гадаад харилцааны яамны Хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд “2024 онд айлчлалын давтамж өмнө нь байгаагүй өндөр түвшинд хүрч, Гадаад харилцааны салбарт оргил жил боллоо. Энэ онд Ерөнхийлөгчийн түвшинд 15, УИХ-ын даргын түвшинд 3, Ерөнхий сайдын түвшинд 8, Гадаад харилцааны сайдын түвшинд 8 айлчлал хэрэгжлээ. Тодруулбал, ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дэд дарга нар Монгол Улсад айлчилж, АНУ-тай Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн хүрээнд Гадаад хэргийн сайд нар харилцан айлчиллаа.

ХБНГУ, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч нарын Монгол Улсад хийсэн айлчлалын дүнгээр талууд Стратегийн түншлэлийн харилцаа, Вьетнам Улстай Иж бүрэн түншлэлийн харилцааг тус тус тогтоосон. Мөн Монгол Улсаас Узбекистан Улсад суух ЭСЯ-ны үйл ажиллагааг шинээр эхлүүлж, Индонез Улсад суух ЭСЯ-ны үйл ажиллагааг сэргээлээ. Энэ бүх үр дүнгээс үзвэл, хоёр хөршийн болон гуравдагч хөршийн харилцаа бэхжиж, айлчлалын тэнцвэрийг хангаж ажиллалаа. Түүнчлэн Төв Ази болон Зүүн өмнөд Азийн орнуудтай харилцах харилцаанд Монгол Улс онцгой анхаарч, гадаад харилцааны шинэ чиглэлийг эхлүүлсэн буюу сэргээсэн жил боллоо” хэмээн онцлов.

Тэрбээр цааш хэлэхдээ “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцсон. Энэ үеэрээ бусад орны төрийн тэргүүн, Гадаад харилцааны сайд болон олон улсын байгууллагын удирдлагатай 10-аад тооны уулзалтыг хийлээ. Үүний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ оны 11 дүгээр сард Баку хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцлоо.  Өөрөөр хэлбэл, олон талт үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч тогтмол оролцож буй нь олон улсад Монгол Улсын нэр хүнд, эзлэх байр суурь, нөлөөг тэлсэн явдал болж байна” хэмээн тэмдэглэв.

Хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа "Энэ онд Ерөнхийлөгчийн ивээл дор Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг НҮБ-тай хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж, “Тогтвортой хөгжлийн төлөөх Улаанбаатарын тунхаглал”-ыг гаргасан. Чуулга уулзалтад 19 улсын төр, засгийн тэргүүн, парламентын дэд дарга, сайд нар, 10 гаруй олон улсын байгууллага, гадаад дотоодын 800 гаруй эмэгтэй манлайлагч оролцсон. Улмаар манай улс 2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулна. Иймд бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажлын албыг ГХЯ-ны дэргэд байгуулсан" гэдгийг яриандаа дурдлаа.

 

Манай улсын бүх төрлийн паспорттой иргэд 30 улсад, дипломат, албан паспорттой иргэд 65 улсад тус тус визгүй зорчиж буй. Энэ онд бүх төрлийн паспорттой иргэдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг Вьетнам, Мальдив, Парагвай улстай тус тус байгуулсан. Дэлхийн 90 гаруй улсад Монгол Улсын 210 мянган иргэн оршин сууж байна. Тиймээс ГХЯ-ны зүгээс хилийн чанадад суугаа 50 Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан гадаад улсад зорчиж буй болон оршин сууж буй иргэддээ мэдээлэл зөвлөмж түгээх, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх, эрх ашиг нь хөндөгдсөн тохиолдолд дэмжлэг туслалцаа үзүүлэх зэргээр ажиллаж байна. Иргэдэд туслах сангаас холбогдох хууль тогтоомжийн дагуу энэ онд 221 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн гэж тэрбээр ярилаа.

2024 оны байдлаар манай улс ОХУ, БНХАУ-тай Иж бүрэн стратегийн түншлэл, АНУ-тай Стратегийн гуравдагч хөршийн түншлэл, Япон улстай Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл, БНСУ, БНЭУ, ХБНГУ, БНКазахстан Улстай Стратегийн түншлэл, Турк, Канад, Вьетнам улстай Иж бүрэн түншлэл, Австрали улстай Өргөн хүрээтэй түншлэлийн харилцаатай байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин