• Эхлэл
  • МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА

МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА

2024/12/27

Б.Цэнддоо ийн өгүүлэв.

Мөнгө дууддаг “мөнгө”

Хэзээ нэгэн цаг, хэн нэгэн үзмэрчээс “Хэрхэн баяжих вэ” гэдгээ асуусан нь л байлгүй, та. Чиний буруу биш ээ, бараг бүх хүн тэгсэн байдаг юм. Бас, хүний амьтны нүднээс дальдчин байж түрүүвчээрээ, даллагын саваараа мөнгө дуудан, хурайлж үзээгүй гэж мэлзэхгүй байх! 

   Харин энд өгүүлэх “Мөнгө дуудах шид бүтээл”-ийг хэн нэг үзмэрч, зурхайч чамд хэлсэн бол мөнгийг аль хэдийнэ дуудаад, аваад ирсэн байна. Мөнгийг дуудаж болдоггүй ч юм биш. Гэхдээ түрийвчээр бол даллахгүй ээ. 

    Ч.Лодойдамба гуайн Итгэлт баян “Сохор зоосийг ч гэсэн сэгсэрч байвал төл авдаг. Хөдлөөгүй мөнгө үхдэг” тухай хэлдэг дээ. Тэрээр хөрөнгө, мөнгөө эргэлтэд оруулдаггүй нэг “баян”-ы олон жил дараад, илжирч муудсан торго дурдамыг хараад үүнийг сануулдаг даа.

     Мөнгийг хөдөлгөж баймаажин мөнгөө дуудаж авчирдаг. Мөнгөө хөдөлгөж мөнгө дуудаж сурахыг менежмэнт гэнэ. Гэхдээ мөнгө өөрөө өөрийгөө өсгөхгүй. Мөнгөө хөрөнгө болгож баймаажин жинхэнэ үржүүлнэ. Манайхан “мөнгөөр бөөстөх” гэдэг дээ. Юун бөөстөх, “мөнгөөр вирустэнэ” гээд бодчих. Мөнгө өөрийгөө хөрөнгө болгож баймаажин жинхнээсээ үржинэ. Яг л эсийн хуваагдал шиг, ханиадны өөрийгөө вирус хувилах шиг үржинэ. Хуурамч мөнгө хийвэл хэрэгт орно, харин мөнгийг мөнгөөр нь “копи”-двол баяжаад явна.

-Банкинд мөнгөө хадгалуулаад, хөрөнгө болгохгүйгээр өсгөж болно гэх гэж байна уу? Үгүй юм аа. Чиний мөнгийг банк гуай өмнөөс чинь хөрөнгө оруулалтад эргүүлж өсгөөд, шанд нь жаахаан юм өгч байгааг л хадгаламжийн хүү гэдэг юм. 

   Мөнгөө хөрөнгө болгож чадаад байгаа хүнийг хөрөнгөтөн гэнэ. Баян хүнийг “мөнгөтөн”, “төгрөгтөн”, “доллартан” гэхгүй, хөрөнгөтөн гээд байгаа нь цаанаа нууцтай. Монгол хэлний хөрөнгө гэдэг үгийн салаа утга “үр мөхлөг”, “ургуулж үржүүлж болох сурвалж” байдаг нь их учиртай. Тарагны хөрөнгө, талхны хөрөнгө, айргийн хөрөнгө... гэхээр цаанаа л нэг юм хэлээд байгаа биз?

Гэвч хөрөнгөтэй байх бас амаргүй ээ.


Хөрөнгийг хөрөнгөөр хамгаалдаг

    Мөнгөө эргүүлээд хөрөнгө болгосон хүнд түүнийгээ хамгаалахын зовлон дагаж ирдэг. Хөрөнгө олоод тараг бүрсэн, талх барьсан, айраг исгэсэн хүнийг дагаад бөөн ажил ундардаг шиг. Бурханы номд ч үүнийг харамлах, хадгалахын зовон хэмээн сургасан. 

    Харамсалтай нь олон хүн хөрөнгөө хамгаалах хамгийн сайн арга бол бусдаас харамлах, хэнтэй ч хуваахгүй байх, нууцлан дарах гэж үздэг. Гачлантай нь ингэсэн хөрөнгө үхнэ. Хөрөнгө үхвэл мөнгө ч цуг үхнэ.

    Хөрөнгийн хамгийн сайн хамгаалалт бол хүнээс нууж, хав дарах биш. Харин ч эсрэгээр нь бусад хүний хөрөнгө ба ашиг сонирхолтой нэгтгэн хослуулах. Хамаг юмаа тараагаад өгчих гэсэн үг биш шүү. Бусдын хөрөнгийг өөрийнтэйгээ хамтатгана гэхээр хамгийн түрүүнд “ашгаа хуваах юм байна” гээд гол чинь горойно, зөв үү? Үнэн, гэхдээ түүнээс ч чухал нэг юм бол чиний хөрөнгийг, хөрөнгөтэй байх эрх ашгийг чинь тэд хуваалцана. 

    Та баян байх нь маш олон хүний эрх ашиг болно. Жишээлэхэд, дэлхийн толгой баян Билл Гэйтс ядуурлаа гэхэд зөвхөн тэдний гэр бүл хоосрохгүй. Хувьцаа болон ашиг сонирхлоор тэднийтэй нэгдсэн олон зуун, мянган, байтугаа сая, сая хүн хохирно. Иймээс Билл Гэйтсийн гэр бүлийг битгий ядуураасай хэмээн олон арав, мянга, сая хүн залбирч, түүний төлөө хичээн зүтгэж байгаа. Чиний хөрөнгийг ийм олон хүн хамгаалж, чамайг баян байлгахын төлөө тийм олон хүн залбирч, зүтгэж байвал сайхан аа!

    Танай хөрөнгө оруулагч хүчирхэг байхын хэрээр чиний хөрөнгө хамгаалагдана. Жишээлэхэд, ганц гэрийн хотонд чоно орвол ганц айл л “хүүе хаая” болно. Харин гурван гэртэй хот айлд боохой халдах аваас гурван гэрээрээ хамгаална. Мал нь шуурганд уруудвал гурван айл хамжиж тогтооно. Танай хотод буутай айл, хоточ нохойтой бас нэг айл байвал таны таван малд халдах хоншоортой боохой гэж үгүй. Түүн шиг хүчирхэг хөрөнгө оруулагчтай айлын хөрөнгө рүү халдах тэнэг зоригтон ховор. 

   Өнөөдрийн сэдэв болсон “Орано” үүний л жишээ. Улс орон хөрөнгө оруулагчгүйгээр эдийн засгаа бататгахгүй. Гэхдээ нэг анхаарах юм бол ганц айлын хөрөнгө оруулалттай байж болдоггүй. 

Ганц талын хөрөнгө оруулалт тусгаар тогтнолын дайсан

Олон талын хөрөнгө оруулалт тусгаар тогтнолын баталгаа байдаг бол ганц талынх эсрэгээрээ. Зөвхөн нэг улсаас хөрөнгө оруулалт татсан улс тэр айлынхаа хараат болдог. ХХ зууны БНМАУ түүний жишээ. Түүхнээ “БНМАУ бол Зөвлөлтийн дагуул улс байв” хэмээн бичсний учир энэ. Харин XXI зуунд Монголын хамгийн гол хөрөнгө оруулагч нь өөрийн эрхгүй БНХАУ болов. Хүссэн хүсээгүй ийм байна. Монголын байтугаа Оросын, тэр бүү хэл бүс нутгийн, үнэндээ бол дэлхий дахины эдийн засагт БНХАУ байраа эзлэн нөлөөлж байхад, яалтай ч билээ.

    Бидний оршин тогтнол Хятадын хөрөнгө оруулалтаас хүссэн хүсээгүй хамаарна. Ингэхдээ, тэр чигээрээ Хятадын хөрөнгө оруулалтаас хамаатай улс болж, ХХ зууны БНМАУ-ын жишээг урвуугаар давтвал ямар хэрэг байх вэ дээ, хэн минь! 

   Ингэхийн тулд Хятадын бус хөрөнгө оруулагчдыг өргөнөөр татахаас өөр замгүй. Хамгийн түрүүнд Орос л санаанд орох боловч, бүтэл муухан. Умард хөрш хөрөнгө оруулж мөддөө чадахгүйгээр барахгүй, харин ч БНХАУ-ыг царайчилсан байдалтай. Орос улс хөрөнгө оруулахын оронд Монголд бий болгосон хараат байдлаа аль болох удаан хадгалах, түүхий эд эрчим хүчээ өндөр үнээр шахаж, дайнд нэрвүүлсэн эдийн засгаа тордох л ганц хүсэлтэй. Учир явдал Оростоо ч байгаа юм биш, ийм байдалд орсон ямар ч улс ингэх л байсан. 

    Үлгэрлэвээс, арын гудамжны “Приус засвар”-ын газар танайхыг шинэ машин авахуулахгүй байж, хуучин “Пруис10”-ын сэгийг чинь өдөр болгон засах дүр үзүүлэн түр додомдож, амжиргаагаа залгуулахыг оролдоод, чадаад байгаатай агаар нэг. Шинэ машин авах гэх болгонд хүүхдүүдийнх нь толгойг “Ландкрузер чинь дороо онхолддог”,“Шинэ машин заавал аваар хийгээд ээж нь үхдэг гэж байгаа” гэхчлэн эргүүлээд байгаатай их төстэй. Арын гудамжны засварчнаар шараа тайлуулсан хүүхдүүд чинь “Шинэ машин авбал ээж үхнэ” гэж үнэмшээд, хуучин машины сэгээрээ зальтай засварчинг тэжээгээд яваа шиг үлгэр л болоод байгаа даа.

    Ийм тохиолдолд, Монгол орны эдийн засгийг гуравдагч хүчирхэг хөршийн хөрөнгө оруулалт л авран, хамгаална. Хүчирхэг гэдэг нь Хятадын эдийн засгийн сонирхлыг сөрж чадах тийм гүрнийх байх учиртай. Тэрнээс биш, Мадагскарын хөрөнгө оруулалттай янзын амралт, Мянмарын байгуулсан оймсны цех байлаа гээд Хятадын хөрөнгө оруулалтын өөдөөс ганхийхгүй.

    Монголын хүссэн гүрний, хүссэн хөрөнгө оруулалтын хамгийн сүүлийн жишээ бол Францын Орано. Одоо тэдэнтэй хийх гэж байгаа хөрөнгө оруулалтын гэрээ бол Манай тусгаар тогтнолын хамгаалалт. Яагаад гэхээр Франц улс цөмийн салбарын амин чухал хөрөнгө оруулалтаа Монголд бий болгоно. Тэр хөрөнгөө хамгаалахын тулд Монголыг ч бас хамгаална. Яагаад “ураан” гэхээр Францын сонирхлыг татах өөр юм манайд байхгүй. “Янзын сүүтэй үнээ байна, ферм байгуулъя", "өвлийн идшийг чинь даая” гээд тоохгүй.Тэдэнд урааны салбар хэрэгтэй, бидэнд Францын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Ийм энгийн наймаа.

   Өмнө ярьсан хот айлын үлгэрээр бол маш сайн ангийн буутай, сүрхий сонор хоточ нохойтой нэг хүчирхэг айл танай бууцанд нэмэгдээд, боохой ойртохын аргагүй боллоо л гэсэн үг. 

Оюутолгой дээр Ораног нэмбэл “нүдний ялгаа арилна”

Бидэнд Оюутолгой байгаа нь юуны аз вэ? Түүнийг хийсэн хүмүүс Монголын заяагаар төрөгсөд шүү. Даанч “Монгол төр зүтгэсэн хүндээ халтай, самарсан хүндээ ээлтэй” хэвээрээ явж, сор хөвүүд нь нажидаа эдэлснээс биш. Эрх биш, олон түмний заяа байна, удаан ингэхгүй биз ээ?

   Ашиглалтад бүрэн ороогүй хэрнээ улсын төсвийн гуч, дөчин хувийг татвараар дамжуулан өгч буй энэ хамтарсан хөрөнгө оруулалт батлан хамгаалах зардлын 30 хувийг, Хил хамгаалж буй хилчдийн цалин, хангамжийн гучин хувийг даагаад яваа гэсэн үг. Дашрамд дурьдахад, эх орныг дүрэлзсэн бадарсан хийрхлээр биш, мөнгөөр, зөвхөн мөнгөөр л хамгаалдаг юм. Ийм учраас, улс орны тусгаар тогтнол нь эдийн засгийн тусгаар тогтнол дээр л тогтдог. 

   Одоо “Оюу толгой” дээр Францын “Орано”-г нэмбэл Хятадын хөрөнгө оруулагчдыг дангаар нь ноёрхуулахгүй л гэсэн үг. Дуулианы эзэн “Халзан бүрэгтэй” бол барууны хүчирхэг гүрнүүд хамтарсан консерцуим байсан юм сан. Зорилго нь: өнөөдөр Хятад улс дэлхийн зах зээлд дангаараа ноёрхож байгаа газрын ховор элемэнтийн зах зээлийг сөрж Америк зэрэг улстай нийлж тэмцэх, булаалдах, өрсөлдөх (аль тохирохоор нь ойлгох) явдал байлаа. Ийм төслийг зүгээр нэг хэдэн малчин нийлээд зогсооно гэж байхгүй ээ, байхгүй. Хэрэг явдал нэг их удахгүй тодрохоор та нар “хятадын эрлийзтэй цогтой тэмцдэг этгээд өөрөө хятадын эрлийз байсныг мэдэх”-ээсээ ч дутуугүй алмайрах буй заа.

   Барууны хөрөнгө оруулалтыг татах замаар Хятадын эдийн засгийн хараат байдлыг баланслах Монгол улсын сонирхлыг Бээжин ч мэдэж байгаа. Мэдэж байгаа гэдэг нь манай “нөгөөх” шиг хорлоод, хүмүүс хөлсөлж жагсаагаад яваа гэсэн үг хараахан биш шүү.

   Зүйрлэвээс, танай компанид ерөнхийлөгч жаахан хувь эзэмшдэг байвал ямар байх бол? Ядаж л захын татварын байцаагч ирж дураараа зовоогоод байхгүй дээ. Цаашлаад, Их хурлын дарга ч юм уу, Ерөнхий сайдын шалихгүй хөрөнгө таныхтай нийлсэн байхад эрүүгийнхэн рэкээт хийж дөнгөнө гэж үү? Тэгээд, гурвуулаа танайд хувьцаатай байхад компанид чинь халдаж зүрхлэх аавын хүү хаанаас гарахсан билээ? Хувьцаагаар дамжуулаад өгдөг жаахан ногдол ашгийн дэргэд нийлбэрээрээ олох орлох, хамгаалах баталгаа нь тэнгэр мэт ээ. За, гадаадын, ялангуяа гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтын ашиг тус гэж энэ. Гадаадын хөрөнгөөр дотоодын эдийн засгаа аварна, хамгаална гэж энэ. Гадаадын хөрөнгө оруулалтаар тусгаар тогтнолоо хамгаална гэж ердөө л энэ.

    Бидний мэдэх “Өглөө” хэмээх соцреалист кинонд зохиогчийнх шургуулсан айхавтар үгс бий. Зохиолч Л.Ванган уран бүтээлдээ дайсны талынхны үгээр, олон гашуун санаа оруулсан байдаг нь сонин.

“Өглөө” кинонд гардаг Америкийн(дайсны) тагнуул

а Саяхан Москва оржээ. Дахиад нэг алхвал хөгшин Европ. Дахиад нэг алхвал та бид хоёрын нүднээ ялгаа арилна гэж Сүхбаатарт хэлдэг.

Харин өнөөдөр, хөгшин Европ өөрөө бидэн дээр ирчихээд байна. Гагцхүү бид “нүдний ялгаа”-гаа арилгаж Ванганы  "вангадсан" мөрөөдлийг биелүүлэх цаг ирэв.

Б.Цэнддоо /baabar.mn/


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин