• Эхлэл
  • МЗХ-ны Ерөнхийлөгч албан ёсны мэдэгдэл гаргажээ

МЗХ-ны Ерөнхийлөгч албан ёсны мэдэгдэл гаргажээ

2024/12/27

 

Монголын Залуучуудын Холбоо 1921 онд анх байгуулагдаж 1991 онд тухайн үеийн нийгмийн шилжилтийн давалгаагаар Монголын Залуучуудын Холбоо болон өөрчлөн байгуулагдсан төрийн бус байгууллага юм. Одоогоор Удирдах зөвлөлийн 28 гишүүн, 16 байнгын хороо, Хяналтын зөвлөлийн 5 гишүүн, 21 аймаг, 9 дүүргийн салбар холбоод, дэргэдэх байгууллага, тусгай салбар холбоо зэрэг олон салбар нэгжтэй залуучуудын санаачлага, оролцоонд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулж байна.

Цаашид Монголын Залуучуудын Холбоо нэгдмэл байж, улс төрөөс хараат бус, нийгмийн асуудалд бодит дуу хоолой болон ажиллах болно. Нийгмийн амьдралд залуучуудын өмнө тоо томшгүй олон асуудал тулгарч байна. Төрийн бус байгууллагын хувьд тодорхой шийдвэр гаргаж чадахгүй ч шийдвэр гаргах түвшинд нь залуучуудын асуудлыг уламжилж шийдвэрлэхийн төлөө МЗХ хичээнгүйлэн ажиллах болно.

Мөн өөрсдөөс шалтгаалах, шийдвэрлэж болох бүхий л нийгмийн асуудалд дуу хоолойгоо нэгтгэн болохгүйн эсрэг тэмцэж, болж бүтэж байгаа зүйлийг дэмжин залуучууддаа үүд хаалгаа нээж, оролцох, суралцах, хөгжих боломж олгон ажиллах болно.

Өнөөдрөөс Монголын Залуучуудын Холбоо залуу хүн бүрт нээлттэй боллоо. Та бүхнийг ерөнхийлөгчийн хувиар урьж байна. Хамтарч ажиллая, хамтдаа урагшилъя.

Улс үндэстний томоохон асуудал гэхээсээ утаа, түгжрэл, төрийн хүнд суртал, улс төрчдийн увайгүй үйлдлийн эсрэг бодит дуу хоолой болон яг өнөөдөр тулгараад байгаа асуудлуудыг барин авч засч залруулах, өөрчлөхийн төлөө залуучуудаа уриалж байна. Гадаад харилцаагаа өргөжүүлж дэлхийн залуучуудаас суралцаж, хөл нийлүүлж, туршлагаа хуваалцан хамран ажиллана.

2025 онд

1. Залуучуудын эрүүл мэнд

2. Залуучуудын ажлын байр, боловсрол

3. Амьдрах таатай орчин

4. Хорт бодисын хэрэглээ донтолтын асуудлыг тэргүүн зорилтоо болгон бусад асуудлаар залуучуудын гаргасан санаачлагыг дэмжиж хамтран ажиллахаар төлөвлөж байна.

ЭРЧ ХҮЧ, ЗОРИГ, ТУРШЛАГА зэргийг давуу тал болгож ТУУШТАЙ, ХУРДТАЙ, ТЭВЧЭЭРТЭЙ ажиллахаа нийт МЗХ-чүүддээ амлая.

Миний хувьд 2012 онд ажлын гараагаа МЗХ-нд мэргэжилтнээр эхэлж, 2015 – 2017 онд Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн захирлаар ажиллаж 12000 гаруй залуусыг цагийн болон байнгын ажлын байранд зуучилж, 2017 - 2019 он, 2022 – 2023 онуудад холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан.

Энэ хугацаанд 3 ч удаагийн засаглалын хямралын туулж залуучуудын нэгдмэл байдал, маргаан талцалыг эвлэрүүлэн шийдэхэд голлон оролцож байсан гэдгийг МЗХ-ны хамт олон маань бүгд мэдэх бизээ.

Дотооддоо дүрмээ сахидаг, гишүүдээ сонсдог, гадагшаа үйл ажиллагаагаа идэвхижүүлж, олон нийт залуучууддаа хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсад байр сууриа бататгасан Монголын Залуучуудын Холбоо болохын төлөө нийт МЗХ-чүүдээ уриалж байна. Бидний идэвхи оролцоо, санал санаачлага хамгийн чухал гэдгийг хэлье.

МХЗЭ-ийн ахмадууд, МЗХ-ны ахмад, дунд үеийнхэн, хамтран ажиллаж, дэмжиж, тусалдаг та бүхэндээ баярлалаа.

Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Батмөнхийн Бэлгүтэй

2024.12.26

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин