• Эхлэл
  • НДШ буюу төлөх ёсгүй татвар

НДШ буюу төлөх ёсгүй татвар

2023/10/24

Нийгмийн даатгалын шимтгэлийн талаар өгүүлэхээс өмнө даатгал гэж юуг хэлдэг гэдгийг ойлгох нь зөв байх.

         Даатгал гэдэг нь гэрээний үндсэн дээр нэг талаас даатгуулагч өөрийн эд хөрөнгө, ашиг сонирхлоо болзошгүй аюул, эрсдэлээс хамгаалж, учирч болох гарз хохирлыг нөхөн төлүүлэх баталгаатай байх зорилгоор  зохих ёсны төлбөр хураамжийг нь урьдчилан төлж, нөгөө талаас тухайн даатгуулагчийн ирээдүйд учирч болох эрсдэлийг бүрэн буюу хэсэгчлэн хариуцахаар үүрэг хүлээсэн даатгагч, даатгуулагчийн хоорондын харилцаа юм. Үүний тулд хуримтлагдсан мөнгөн хөрөнгөөр сан байгуулж, удирдах үйл явц бөгөөд тухайн сангийн хөрөнгө нь даатгуулагчдад үүссэн эрсдэлийг санхүүгийн хувьд бууруулахад чиглэдэг.Тухайн санг хэн зохион байгуулснаас үл хамааран үйл ажиллагаа нь даатгуулагчийн эрсдэлд зориулагдах ёстой. Зохих хэмжээнийн санг л тодорхой заагдсан хөрөнгө оруулалтад байршуулахыг зөвшөөрдөг санхүүгийн онцгой нэг систем.

          Нийгмийн даатгал сан нь өндөр настны тэтгэвэр тэтгэмжийг олгох, хөдөлмөрийн чадвараа алдсан болон ажилгүй иргэдэд тэтгэмж өгөх, даатгуулагч нас барахад түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд нь тэтгэвэр өгөх зэргээр эрсдэлээс хамгаалах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг.

 

Даатгалын оролцогчид:

1. Даатгуулагч

2. Даатгагч

3. Хариуцлагын даатгалын хувьд гуравдагч этгээдүүд байна.

Даатгуулагчийн хувьд ААН, хувь хүн хэн ч байж болно. Даатгагч нь даатгалын компаниуд, давхар даатгалын компаниуд, төрийн даатгалын сан байна. Гуравдагч этгээд нь даатгуулагчийн үйл ажиллагаанаас, ажил мэргэжил болон бусад өөрийн зан үйл, үйл ажиллагаанаас хамаарч хохирч болзошгүй этгээд байна.

Монголд даатгалын энэхүү төрлүүд нь арилжааны даатгалын компани, нийгмийн даатгалын сангууд үйл ажиллагаа явуулдаг. Нийгмийн даатгалын санг төр мэдэх бөгөөд бялуу хуваах зарчмаар буюу ялсан намын цүнх баригч, хандив өргөгч, даргын үгийг үг дуугүй биелүүлэгч этгээдүүд удирдана.

НДШ авч эхэлснээс хойш хувийн хэвшлүүд нийгмийн даатгалын санг бүрдүүлэх үйл ажиллагааг 100 хувь хариуцаж ирсэн. Эхлээд иргэдэд ажил олгоно, ажилчдаасаа нийгмийн даатгалын шимтгэлийг төрд авч өгнө, үйл ажиллагааны зардлыг ажил олгогч хариуцна, тайлан байнга гаргаж өгнө, ДЭЭРЭЭС НЬ АЖИЛ ОЛГОСОН ГЭЖ ДАХИАД Л МӨНГӨ ТӨЛНӨ. Энийг нь ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл гэж хэлнэ.

Даатгуулагч өөрийнхөө өмнө учирч болзошгүй эрсдэлийг бууруулахаар/санхүүгийн хувь/ төлж буй мөнгийг даатгалын хураамж, ШИМТГЭЛ гэж нэрлэнэ. Харин хэн нэгний өмнөөс төрд төлж байгаа өөрт даатгалын нөхөн олговор болж ирэхгүй хураамж, ШИМТГЭЛИЙГ бол ДААТГАЛ ГЭЖ ХЭЛЭХГҮЙ үүнийг татвар гэж хэлнэ.

Харин ажил олгогч даатгалын шимтгэл төлөөд үйлдвэрлэлийн тасалдлаа даатгуулж болох юм. Одоогийн нөхцөл байдал шиг үе үүсэж үйл ажиллагаа доголдсон үед хамтрагч бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах хүртэлх нөхөн олговрыг авч болдог тийм даатгалын төрөл. Эсвэл ажилчдынхаа цалин хөлсийг өгч чадахгүй болох үеийг даатгуулах, ажилчдынхаа ажилтай холбоотой элдэв эрсдэлүүдэд хариуцлагын даатгалд даатгуулах гэх мэтээр ажил олгогчдыг даатгаж гэх мэт даатгалын төрлүүд байж болох юм. Даатгуулагч гэдэг нэрээр заавал ажил олгогчоос дамжуулан НДШ-ийг шууд хурааж авна. Өгч чадахгүй бол торгоно, алданги тооцно, дансыг блок болгоно. Ажилтанд даатгалд хамрагдахыг хүсэхгүй бол шууд л ажил олгогчийг торгоно. Ийм зарчмаар буруу гажигтай явж байгаа даатгал бол НД юм. Эсвэл ажил олгогчоос авч байгаа мөнгийг татвар гээд нэрлээд явах нь зөв юм. Татвар буй дор төр буй. Хэрвээ тэгэх юм бол ажил олгогчид гомдоллож гонгинохгүй.

 

 

                                                                                             

                                                                                                               С.Лхагважав

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин