• Эхлэл
  • Г.Батбаатар: Чуулганы эхний өдөр л 258 сая ам.доллар “татаж” чадлаа

Г.Батбаатар: Чуулганы эхний өдөр л 258 сая ам.доллар “татаж” чадлаа

2023/03/20

Г.Батбаатар: Чуулганы эхний өдөр л 258 сая ам.доллар “татаж” чадлаа

Монголын залуучуудын холбооноос зохион байгуулсан Монгол, Хятадын хөрөнгө оруулагчдын Тогтвортой хөрөнгө оруулалтын чуулга уулзалт гурван өдрийн турш хөрөнгө оруулалтын гайхалтай мэдээллээр дүүрэн байлаа. Нэгтээ 200 гаруй Хятад сая, сая доллар өвөрлөөд ирж байна гэсэн “хуурай” сенсаци дэгдсэн нь оргүй байсангүй. Залуучуудын санаачилсан форумын эхний өдөр л гэхэд 258 сая ам.долларын гэрээ байгуулагдахаар болсон юм. Ингээд энэ талаар МЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн  Г.Батбаатартай ярилцлаа.

 

-Та  бүхний зохион байгуулсан  Хятад Монголын бизнес  форум амжилттай боллоо.

Хэдийгээр олон форум, хэлэлцүүлэг, арга хэмжээ болдог боловч энэ удаагийнх чамгүй их хэмжээний шууд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байгаа нь онцлог гэж харагдаж байна.

Харин үйл ажиллагааг зохион байгуулсан ажлын хэсгийн

гишүүний хүний хувьд үр дүнгээ хэрхэн тодорхойлж байна? Нөгөөтэйгүүр залуучуудын байгууллага зохион байгуулж байгаа гэдгээрээ бас онцлог байх?

-Тийм ээ. МЗХ бол Төв Азийн анхны залуучуудын байгууллага. Тэр утгаараа гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр амжилттай ажиллаж байсан туршлага бий. Гэхдээ тодорхой шалтгаануудын улмаас 2016  оноос  хойш олон улсын том  хурал  зохион байгуулаагүй байсан. Сүүлийн хоёр  жилд цар тахалтай холбоотойгоор томоохон арга хэмжээ зохион байгуулах боломж байгаагүй ч та бүхэн мэдэж байгаа. Зөвхөн манай МЗХ төдийгүй Монгол Улсын хэмжээний ийм том арга  хэмжээ  зохион байгуулагдаагүй нэлээн удсан.

Форумын хүрээнд банк санхүү, хөдөө аж  ахуй, барилга хот  уул уурхай, байгаль орчин сэргээгдэх эрчим хүчний салбарын хэлэлцүүлэг, уулзалтууд боллоо.

Хамгийн гол нь зөвхөн эхний өдрөө л манай бизнесмэнүүд 258 сая ам.долларын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Бид бол хөрөнгө оруулалтын дээд  хэмжээ 200-300 сая  доллар байх болов уу гэж харж байсан бол, эхний өдрөө л энэ санхүүжилтийг авах нь тодорхой боллоо. Тиймээс бид цаашдаа илүү ихийг хийхийг хүсч байна. Монгол Улсад илүү хөрөнгө оруулалт орж ирж байна гэдэг нь мэдээж бусад  салбарт ч хувь нэмрээ оруулах болно. 

Дэлхий дахины нөхцөл байдлаас болоод Монголын хувийн аж ахуйн нэгжийн салбарууд хөрөнгө оруулалтгүй гацсан байгааг та бид бүгд мэднэ. Ард  иргэддээ  ээлтэй залууст ээлтэй, ажлын байр  нэмэгдүүлэх,  цаашлаад эх орондоо хэрэгтэй мега төслүүд ч гацаад байна. Үүнд  хөрөнгө оруулалт татахын тулд бид идэвхитэй ажиллаж байна. Басхүү Хятадын залуучуудын байгууллагатай олон жилийн хамтын ажиллагаатай байсан гэдэг утгаараа хоёр улсын хамтын ажиллагаанд нөлөөтэй арга хэмжээ зохион байгуулж чадлаа. Дараагийн зорилт бол  чуулганаар  дамжуулаад хөрөнгө оруулалт  авсан аж ахуйн нэгжүүдийн ажил, бүтээн байгуулалтыг  нүдэнд харагдаж гарт  баригдах хэмжээний бодит болоосой гэж хүсч байна. Үүнд МЗХ Хятадын хамтын ажиллагааны  нийгэмлэгтэй санамж бичиг зурсан. Өөрөөр хэлбэл, энэхүү хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт  болж  улс  эх орны  хөгжилд  хувь нэмрээ оруулах хүртэл нь МЗХ  уйгагүй ажиллах болно.  

-Цаашид МЗХ ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ, тухайлбал гадаад харилцааны чиглэлээр?

-Хятадын залуучуудын холбоотой  хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж бусад залуучуудын байгууллагуудтай нь уулзалт хэлэлцүүлгүүд хийнэ. Мөн Азийн залуучуудын зөвлөлийн  хурлыг Монголд зохион байгуулах саналыг Азийн  залуучуудын зөвлөлд МЗХ-ноос илгээсэн.  Үүний үр дүнд БНХАУ-ын Залуучуудын байгууллага Азийн залуучуудын зөвлөлийг Монголд хуралдуулбал  хамтарч  ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийлсэн. Хятад улсаас манай  чуулганд 240 гаруй төлөөлөгч, тэр дундаа  БНХАУ-ын Коммунист намын дэргэдэх залуучуудын байгууллагын олон  төлөөлөгч  ирж, бизнес  эрхлэгч  аж  ахуй нэгжийн төлөөлөлтэйгээ хамтарч ажиллаж байгаа.

-Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин