• Эхлэл
  • “Эрдэнэт”-ийн 49 хувь ирэх сонгуулийн бооцоо

“Эрдэнэт”-ийн 49 хувь ирэх сонгуулийн бооцоо

2018/02/01

Татварын шатлал болоод тэтгэврийн насыг нэмсэн асуудал тэгэс ингэсгээд намжсан болохоор одоо бүгдээрээ тайвшраад, байр байрандаа суугаад, дороо дороо тунгаах цаг ирэв. Чухам юу болоод өнгөрөв өө?

Шатахууны ОАТ-ыг нэмсэнээс болж импортлогчид ШТС-уудаа хаагаад явсны дараа Засгийн газар “Энэтхэгээс зээлсэн нэг сая ам.доллараар нефть боловсруулах үйлдвэр барина” гэж том дуугарсныг түр орхиё. Харин үүний өмнө Засгийн газар хуралдаж, “Эрдэнэт” үйлдвэрийг хувьцаат компани болгох, хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь анхаарал татах асуудал мөн. Угаасаа байхгүй юмыг юу ч гэж фантазлаж (хулхин дээр цэцэг ургуулж) болох ч байгаагаа салхинд хийсгэчихвэл тэрнээс эс юм болно. “Эдээрээ оролдвол эвдэхийн цондон” гэдэг үү?

Засгийн газрын хуралдаанаас “Хувьцаат компани болгох болон хувьцааг нь иргэдэд эзэмшүүлэх талаар санал боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах”-ыг сайд Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар, Д.Сумьяабазар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгасан гэнэ. Хувьцааны хэдэн хувийг ямар нөхцөлөөр иргэдэд эзэмшүүлэх, иргэд хувьцаагаа худалдах, худалдан авахтай холбоотой журмыг Засгийн газар батлах юм байх. Бараг л нүдэнд харагдаж, нулимс чийгтэж байгаа биз?

Уг нь Монгол Улсын насанд хүрсэн хүн бүрт “Эрдэнэс ТТ”-н 1072 ширхэг хувьцаа бий. Одоо даанч үнэ цэнэгүй. Байхгүй юм уу гэхээр байгаа, байгаа юм уу гэхээр байхгүй, цаасан дээр үлдсэн хоосон тоо. Тэрнээсээ болоод Тавантолгойгоо зарж ч болдоггүй, авч ч чаддаггүй, ацан шалаанд орчихсон. “Эрдэнэт”-ийн 49 хувь ч бас ийм л замаар орж байх шиг.

Уншигчид хэрэв санаж байгаа бол “Эрдэнэт” үйлдвэрийг төрийн өмчид авах тухай УИХ-ын тогтоол Үндсэн хуулийн Цэц дээр очоод жил гаруй болж байна. Хэрэв Цэцийн шийдвэр “УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчжээ” гээд гарчихвал Засгийн газар хэн юм. Учир нь манай улсын Үндсэн хуульд “Хувийн өмчийг хуулиар хамгаална аа” гэж байдаг юм. Өмчийн эзэн хэн байх нь хамаагүй. Нэгдүгээрт.

Хоёрдугаарт, сүүлд баталсан Засгийн газрын тогтоолыг “Монголын зэс” корпораци Лондоны арбитрийн шүүхэд өгөхөөр хуулийн фирм хөлсөлсөн тухай Монголын хэвлэлүүд мэдээлсэн. “Эрдэнэт”-ийн хэрүүл манай тогооноос хэдийн халиад явчихлаа гэсэн үг. “Монголын зэс” компани дэлхий нийтээр дагадаг олон улсын эрхзүйгээс тусламж хүслээ. Тэнд шүүхэд мэтгэлцэж буй этгээд хувь иргэн байна уу, хуулийн этгээд, төрийн байгууллага байна уу, огт хамаагүй. Зөвхөн эрх зүйн эх сурвалжаа л үндэс болгодог. Тэнд “Монголын парламент ийм шийдвэр гаргасан шүү дээ” гэж мянга уйлаад нэмэргүй.

Тиймээс энэ удаагийн шүүхийн маргаанд манай Засгийн газар лав ялах боломжгүй. “Монголын зэс” ялагдлаа гэхэд “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд Оросын өмчид очино. Гэхдээ тэр нь хугацаатай л даа. Өмнөх удаа "Хаан ресорс"-ийн маргаан лав гурваас илүү, дөрөв шахуу жил үргэлжилж, манай Засгийн газар ялагдал хүлээсэн. Шүүхийн зардлаас өгсүүлээд баахан торгууль төлсөн. Гэтэл өчигдөрхөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Эрдэнэт"-ийн 51 хувийг барьцаанд тавьж "Жаст"-ын Ш.Батхүүд зээлийн баталгаа гаргасныхаа төлөө Монголын Засгийн газар арбитрийн шүүхэд дахин ялагдал хүлээснийг зарлав. Давж заалдахын тулд өмнө шүүхийн шийдвэрээр тавигдсан 51 сая ам.долларын өр төлбөрөө эхлээд төлөх ёстой. Үүнээс өмнө олон улсын шүүхийн өмгөөллийн хөлс гэж чамгүй их мөнгө төлсөн байж таарна. 51 хувийн асуудал дөрвөн жил шүүхийн хаалга "тэгнэж" байгаагаар жишээлэхэд 49 хувийн маргаан ч бас нэг бус, нэлээн хэдэн Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг дамнаж мэднэ. Товчхон хэлэхэд, “Эрдэнэт”-ийн маргаан шүүхээр шийдэгдтэлээ дахиад нэг бүтэн сонгуулийн хугацаа туулах нь ээ.

Ажиглаад байхад Засгийн газрын ялах, ялагдах нь чухал биш, ямар ч үнээр хамаагүй хугацаа хожих нь чухал байна. 51 хувийн өрийг өмнөх Засгийн газрууд руугаа шидэж орхиод 49 хувь дээр гол тоглолтоой хийх юм байна. Яг үнэндээ “Эрдэнэт”-ийн 49 хувь хэзээ ч иргэдэд хувьцаа болж очихгүй. Шүүхийн маргаантай обьект дээр хувьчлал, хувьцааны тухай яриа байх ч угаасаа боломжгүй. Гэхдээ л шүүхийн шийдвэр гаран гартал МАН-ын Засгийн газрууд (У.Хүрэлсүхийн Засгийн газар ч удахгүй унана) “Эрдэнэт”-ийн 49 хувийг иргэдэд хувьцаа болгож өгнө гэсөн өмнөх үлгэрээ ярьсаар л байх болно. “Ирэх сонгуульд бид ялбал, иргэдэд жинхэнээсээ хувьцаагаа тараана. Тэрнээс, энэнээс л боллоо” гэсээр сонгуульдаа орно. Яг л нөгөө С.Зориг агсны хэрэг шиг...  

Тэгэхээр “Эрдэнэт”-ийн 49 хувь лав энэ Засгийн газарт огт падгүй байх нь. Одоо тэгээд алгаа таших уу, яах? 

Б.СЭМҮҮН  


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин