“Мизес Монгол” ТББ-ын үүсгэн байгуулагч, “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ-ын зохицуулагч Д.Амартүвшинтэй ярилцлаа. Манай залуус түүнийг соошлд AmaraaLiderty нэрээр, мөн UBcomedy-гаар сайн мэднэ.
-Танай байгууллага Чехийн зохиолч Михал Климагийн “Тоталитари дэглэмээс гажуудсан ардчилал руу” номыг монгол хэлнээ орчуулсныг саяхан олж үзлээ. Энэ номыг яагаад гаргах болсон бэ? Номын зохиолчийн тухай ярих уу?
-“Мизес Монгол” ТББ-ыг Австрийн эдийн засгийн сургуулийн онол номлол болон эрх чөлөөний үзэл санааг Монголд сурталчлах, дэлгэрүүлэх зорилготой байгуулсан. Энэ номыг Монголд хэвлэх санааг Чехийн Элчин сайд асан Иванка анх гаргасан юм. Энэ ном дээр байгаа жишээ яг Монголын амьдрал байна аа гэж.
-“Яг түүн шиг” шоуны зочин шүүгч Иванка юу?
-Тийм ээ. Тэр хүн анхны санааг гаргаад, “Алтан тариа”-гийн П.Цэнгүүн захирал дэмжээд, “Мизес Монгол” ТББ орчуулж гаргасан. Ерөнхийдөө пост коммунист орнуудад тулгарч байгаа хүндрэлийг харуулсан ном л доо. Номд гарч байгаа баримтууд Монголын одоогийн нөхцөлтэй маш ойр. Улс төрийн намууд нь яаж компаниудад худалдагдаж, худалдагдсаныхаа дараа тэр компаниудад давуу эрх олгож байгаа, улс төр, бизнесийн бүлэглэл яаж тогтдог тухай Чехийн жишээн дээр бичсэн ном. Номыг уншсан маш олон хүн “Яг Монголын намуудыг харж байгаа юм шиг байна” гэж ярьж байна лээ.
-“Улс төрийн намыг дотроос нь хувьчлах”, “Хөлсний гишүүдийг элсүүлэх нь”, “Нутгийн босс (засаг ноён)-нийгмийн шинэ давхарга”... гэх мэтчилэн. Гарчигнаас нь харсан ч шууд л бидний амьдрал бууж байна л даа. Гэвч Чех улс биднийг бодоход харьцангуй эрт шилжилт хийсэн. Манай өнөөдрийн энэ нөхцөл байдлыг туулаад гарчихсан биз дээ?
-Яг номонд дурьдагдсан баримтууд бол одоогоос нэлээн хэдэн жилийн өмнө болсон явдлууд байгаа юм. Ер нь бол пост коммунист улсууд бүгд л энэ үеийг туулдаг юм байна. Австрийн эдийн засгийн сургуульд жишээ нь кронизмын тухай ярьдаг. Энэ номонд клиентелизмын тухай түлхүү бичсэн байгаа юм. Клиент буюу нэг нэгэндээ ашиг өгөх замаар улс төр, бизнесийнхэн бие биенээ дэмждэг. Кронизм гэдэг нь төртэй нийлсэн хувийн компаниудыг хэлж байгаа юм. Төртэй нийлж бизнес хийдэг, татаас авдаг. Улстөрчдөөр дамжуулж өөрсдийнхөө бизнесийг тэтгүүлэх, тендер авах гэх нь манайд бол хавтгай үзэгдэл шүү дээ. Энэ үзэгдлийн тухай л бичсэн байна. Ер нь кронизмын үзэгдэл дэлхий нийтээр, зөвхөн пост коммунист гэлтгүй ардчилал хөгжчихсөн АНУ-д ч маш их байдаг. Элсэн чихрийн бизнес эрхэлдэг хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд маш хүчтэй санхүүгийн дэмжлэг үзүүлээд хариуд нь улсаас татаас авдаг гэх мэтчилэн. Төр нь томроод байгаа орнуудад түгээмэл тохиолддог үзэгдэл гэж болно.
-Пост коммунист орнууд бүгдээрээ тийм биш байх. Түүн дотроо Чехэд, бас манайд яагаад ийм байна вэ гэдэгт тухайлсан шалтгаан байна уу?
-Пост коммунист орнуудад хуучин социалист маягийн коллективист уламжлал нь яваад байдаг. Тэр уламжлал нь өнөөдрийн энэ нөхцөл байдал үүсэхэд түлхээд байна уу гэж харагддаг. Хамтач маягийн, жалга довны үзэл нь танил талаа, хамаатан садан, нутаг ус, нэг ангийнхан гэсэн бүлэглэлийг бий болгодог. Хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, ёс зүйд суурилсан нийгэмд, хамгийн гол нь жижиг төртэй улс орнуудад бол тийм биш. Төр томрохын хэрээр компаниудын төр лүү орох, төртэй хамсах шунал нь нэмэгдэж, тэр шунал нь намуудыг худалдаж авахад хүргэдэг байхгүй юу. Намуудыг бүр жижиг үүрүүдээс нь эхэлж худалдаж авдаг. Монголд бөхчүүд нь рекэт хийдэг бол Чехэд боксчдыг авчираад зогсоочихдог гэж байгаа юм. Намын жижиг үүрүүдийн сонгуулиуд дээр шүү дээ. Манайд жаахан зодоон хийчихдэг, хүн амьтан дарамталдаг нөхдүүд нь бөхчүүд байдаг бол тэнд бол боксчид нь байх жишээтэй. Хүмүүс өөрсдөө уншвал илүү сайн ойлгоно.
-Хэрвээ нөхцөл байдаг тэнд ч, манайд ч адил юм бол энэ номыг орчуулахын ач холбогдол юу юм бэ? Харин ч “Аа, энэ бол зүйл тогтол юм байна” гэж хүлээн зөвшөөрөх биш үү?
-Хүн өөрөө дотор нь байхаар нөхцөл байдалдаа дасан зохицчихдог юм байна л даа. Мэлхийг усанд хийчихээд усыг нь аажмаар халаагаад байхад “яасан сайхан дулаахан байна аа” гэсээр байгаад буцлаад үхчихдэг гэдэг шиг хүн өөрийнхөө хийж байгаа алдааг мэддэггүй. Хүний хийсэн алдаан дээрээс л өөрийнхөө алдааг олж хардаг юм байна. Үүний төлөө л энэ номыг орчуулсан. Энэ хүмүүс ингээд алдчихсан байна шүү дээ, бид яагаад давтаад байгаа юм бэ? гэдгийг ухаарайсай гэж. Энэ алдаа бас юунаас болж байгааг уг номд задлаад өгчихсөн. Хүмүүс алдаж байгаагаа мэддэг ч юунаас болж алдсанаа тэр бүр мэддэггүй.
-Юутай нь тэмцэхээ мэддэггүй гэж үү?
-Ямар ч байсан энэ намууд болохгүй байна, намуудтай тэмцье гээд байгаа боловч намууд яагаад болохгүй байгаа юм бэ? гэдгийг мэддэггүй. Өвчнийхөө шалтгааныг олж мэднэ гэдэг маш чухал. Бусдын алдаан дээрээс суралцана гэдэг ч чухал. Хүний нүүрэн дээр юм наалдчихсан байхад “Миний нүүрэнд ч гэсэн наалдчихаагүй байгаа” гээд сэмхэн тэмтэрдэг дээ. Түүн шиг л.
-Танайхаас хэвлүүлсэн анхны ном уу?
-“Мизес Монгол” ТББ-аас эрхлэн гаргаж байгаа гурав дахь ном. Өмнө нь “Төрийн анатоми”, “Би харандаа” гэдэг хоёр эссэг нэгтгээд нэг жижиг товхимол гаргасан. Дараа нь нь “Непко” компанитай хамтраад Людвиг Фон Мизесийн “Эдийн засгийн бодлого” номыг гаргасан. Удахгүй гаргах ном маань Мизесийн “Marxism Unmasked” буюу ”Марксизмын үнэн төрх” гэж ном байгаа. Монголд хамгийн анх Мизесийн “Либерализм” номыг Б.Баабар гуай орчуулж гаргаж байсан санагдаж байна
-Номын зохиогчийн тухай?
-Михал Клима бол Чехийн Метрополитан их сургуулийн улс төрийн танхимын ректор, улс төр судлаач хүн. Энэ номыг бичихдээ маш олон эх сурвалж ашигласан. 2013 онд хэвлэгдсэн, шинэ ном учраас олон хэл дээр орчуулагдаагүй. Анхных нь орчуулга байх.
-“Мизес Монгол” гэдэг ямар утгатай нэр вэ?
-Австрийн эдийн засагч Людвиг Фон Мизесийн нэрээр нэрлэсэн. Дэлхий дээр Мизесийн маш олон институт байдаг. Манайх Мезисийн институтийн албан ёсны зөвшөөрөлтэйгээр энэ ТББ-ыг байгуулсан. Mises.mn вэб сайтыг ажиллуулж, Мизесийн институтээс гаргасан өгүүллүүдийг орчуулж тавьдаг, өөрсдөө ч заримдаа бичиж нийтэлдэг. Нийт контентийн 90 гаруй хувь нь Мизес болон “Fondation & economic education” байгууллага, эдийн засагчдын өгүүллийг орчуулж тавьдаг. Мөн янз бүрийн event-үүдийг зохион байгуулж байна. Free Market Academy-ийг хамтран зохион байгуулсан, “Liberty pub” гэж пийв уунгаа эрх чөлөөний, эдийн засгийн тухай ярилцдаг залуучуудын клубыг зохион байгуулаад явж байна. Өнгөрсөн зун Австрийн эдийн засгийн онолын сургуулийн хоёр ч профессорыг урьж лекц зохион байгуулсан.
-Хэзээ ТББ-аа байгуулсан бэ?
-2016 онд байгуулсан, жил гаруй үйл ажиллагаа явуулж байна.
-Твийтерт AmaraaLiberty-гаар анх танилцаж байсан. Сүүлд UB comedy руу орчихсон явж байсан. Энэ олон ажлын аль нь чиний үндсэн чиглэл юм бэ?
-Миний үндсэн чиглэл бол яг энэ байгаа юм. Либерал үзэл санаа, сонгодог либерализмын тухай арваад жил уншиж судлаад, энэ чиглэлээрээ яриад, сургалт зохион байгуулаад явдаг. Комеди бол миний хобби. Стессээ тайлах гээд очиж үздэг байж байгаад нэг мэдсэн чинь өөрөө дунд нь ороод явчихсан. Сүүлийн үед түүгээрээ олон нийтэд илүү таалагдаад, үндсэн ажлыг маань даваад гарчих шиг боллоо л доо. (инээгээд) Түүнээс биш аягүй мэргэжлийн комедиан болно, энэ миний ирээдүйн карьер гэж хардаггүй. Ажлын бус цагаараа л хийдэг.
-Комеди руу ороод хэр удаж байна?
-Хоёр жил л болж байна. Үзэж эхэлснээс хойш бол бараг дөрвөн жил болж байна. Жил гаруй үзэгч байж байгаад “Хийгээд үзье” гэж бодоод хийсэн. Ер нь манайхан дотор нэг ч мэргэжлийн жүжигчин юм уу, комепиан байхгүй. Бүгд л цаанаа ажилтай. Манай Төөгөө гэхэд банкир, Идэрээ хувиараа бизнес эрхэлдэг, англи хэл заадаг. Хану болохоор хүнсний бизнес эрхэлдэг. Манай Ганга Bloomberg телевизийн продюссер. Full time ажиллагдаг ганц хүн нь манай Батаа. Манай Тулгаа маань “Оюутолгой” компанийн туслан гүйцэтгэгч, барилгын компанид ажилладаг. Үндсэн комедианууд маань бүгд байр сууриа олчихсон, өөрийн гэсэн үзэл бодол, чиг хандлага нь тогтчихсон залуус байдаг.
-Гэхдээ ядаж нэг зохион байгуулдаг хүн хэрэгтэй биз дээ?
-Тэр нь манай Батаа. Тиймээс яалтач үгүй full time ажилладаг. Анх санаачлаад, үүсгэн байгуулаад явсан хүн нь Батаа байхгүй юу.
-Комеди Монголд цоо шинэ урлаг мөн үү? Анх ерээд онд Д.Сосорбарам гуай, Цэрэнпагма гуай гээд хүмүүс “Бага тайз” театр байгуулаад монологи уншдаг байсан. Түүнээс юугаараа ялгаатай юм? Хүүхэд байхад Оросын телевээр нэг хүн ганцаараа зогсоод ярьдаг байсан, хүмүүс инээлдээд л...
-Комеди монологи төрөл бол нэлээн дээр үеэс эхтэй. Бага байхад алиалагч ах нар гарч ирээд ярьдаг байсан. Д.Сосорбарам гуайн “Сэлмэн эвэртэй муйлан ягаан үнээгээ лалагнануулаад л...” гэпэг чинь бол комеди монологи төрөл нь. Яг стэнд ап комеди төрөл бол Монголд дөрвөн жил л хөгжиж байна. Монологи бол хүний биччихсэн хошин өгүүллэгийг гоё амь оруулаад уншдаг. Стэнд ап ч гэсэн мэдээж бэлтгэл орно л доо. Гэхдээ нийгмийн хэв маяг, тайзны соёлд баригддаггүй. П...., ш.. гэх мэт үгүүдийг чөлөөтэй хэрэглэнэ. Гэхдээ байнга ингэж ярьдаг гэсэн үг биш шүү дээ. Хамгийн гол нь чөлөөтэй.
-Анх жижиг клубуудэд комедигаа хийгээд байсан. Сүүлд МонголHD телевизийн ойгоор бүр том зрительтэй шоу хийсэн. Орчин өөр биш үү?
-Бид жилдээ 2-3 удаа 1000-гаас дээш хүнд зориулсан том шоу хийгээд бусад үед нь долоо хоногтоо гурван удаа комедигаа хийгээд явдаг. Стэнд апыг ямар ч зрительд хийж болно. Том тайзан дээр ч, жижиг паабад ч хийж болно. Гаднын комедиануудыг хараад байхад том зааланд яах гэж хийдэг вэ гэхээр нэгдүгээрт контент гаргах гэж, хоёрдугаарт өөрсдийгөө мэдрүүлэх гэж хийдэг. Олон том комедианууд ганцаараа том тайзан дээр хоёр цаг гаруй ярьдаг шүү дээ. Эсвэл бүлэг бүлгээрээ ч юм уу. Тиймэрхүү шоунууд маш их болдог. Robin Williams, Kevin Hart ч юм уу хоёр цагийн турш ганцаарчилсан яриагаа 4-5 мянган хүний өмнө хийдэг. Манайхан хошин шог, стэнд ап комеди хоёр өөр юм шиг ойлгоод байдаг. Хүн инээлгэж байгаа бүтэц нь ижил. Тэгэхдээ ямар хошигнолыг ашиглаж байна, яаж хүн инээлгэж байна гэдгээрээ л ялгарна. Стэнд ап нь хэлбэрийн хувьд арай өөр, чөлөөтэй л дөө.
-Комеди хийхийн тулд өөрөө их олон талтай, баялаг амьдралтай байх хэрэгтэй юм шиг байгаа юм. Нэгэнт хүмүүсийг инээлгэх гэж байгаа учраас. Өөрөө ч гэсэн тийм үү?
-Харин тийм. Би өөрөө юм юманд оролцож явдаг, улс төрийн ч идэвхи өндөртэй, нийгмийн ч идэвхитэй нөхөр учраас тэр дундаасаа янз бүрийн санаанууд авна л даа. Нэг хэсэг party зохион байгуулдаг байлаа. Тэр явцад хийсэн ажиглалтаа өөрт тохиолдсон юм шиг болгоод л ярина. Яг нэг болсон явдлыг махчилж яривал хэн ч инээхгүй шүү дээ. Жаахан дэгсдүүлэг хийж байж хүн инээлгэнэ. Амьдрал дээр байдаг юмыг жаахан дэгсдүүлэгтэй ярьж байж л хүн инээлгэнэ. Инээдмийн уг үндэс нь зовлон байхгүй юу.
-Яагаад?
-Хүнийг хамгийн амархан инээлгэдэг зүйл бол зовлон. Хүн бүдрээд уначихаар л инээдэг. 1900 оны эхэн үеийн дуугүй кинонуудыг үзэхээр, Чарли Чаплины кинонууд дээр ч гэсэн нэг хүн алгадуулаад унахаар, нүх рүү унахаар л инээдэг биз дээ. Энэ бол хамгийн энгийн инээлгэх арга. Хүн зовлон зүдгүүрийг инээдэм болгож хүлээж авдаг гэх юм уу. Тэрний хэлбэрүүд л яваад байгаа байхгүй юу. Татвар нэмлээ гэдэг чинь ч гэсэн бас л хүнд зүйл шүү дээ. Тэгэхэд түүнийг инээдтэй болгоод ярихад бүгд л инээдэг. Утааны асуудал байна. Гэхдээ л түүнийг ярихад инээдэг.
-Зүгээр л инээлгэх нь зорилго юм уу?
-Янз бүрийн л зорилготой байж болно. Заримдаа зүгээр инээлгэж болно, заримдаа мессэж өгч болно. Би бол заримдаа хүмүүст мессеж өгөхийг хүсдэг. Эсвэл зүгээр л өөртөө кайф авч болно. Ямар ч хамаагүй гоё юм яримаар үе байна шт, тийм ээ. Стэнд апын нэг гол зүйл нь нийгмийн өмнө ямар ч хариуцлага хүлээдэггүй, үзэгчид өөрсдөө шүүгээд өгчихдөг. Хэрвээ чи хүнийг инээлгэж чадахгүй л бол хүн үзэхгүй.
-“Комедигаас ямар ацаа авах гээд байгаа юм бэ” гэж үү?
-Манай Төөгөөгийн хэлсэн үг л дээ. Хүмүүс авах юмаа авна биз, хаях юмаа хаяна л биз. Хүмүүс “секс битгий ярь л даа. Хараал битгий хэл л дээ” гээд байдаг байхгүй юу. Тэрний хариуд л тэгж хэлсэн юм шиг байгаа юм. Миний хөгшөөн, зүгээр л өөр өөрөөрөө байя л даа. Таалагдахгүй бол үзэхээ больчих оо л гэсэн хэрэг. Бид нэг их өндөр амжилтанд хүрсэн гэж бодохгүй байна, жижигхээн амжилтанд хүрсэн. Бид зүгээр л өөрөөрөө байсан. Хэнд ч таалагдах гэж хичээгээгүй.
-Дөрвөн жил ярихаар ярих сэдэв дуусахгүй юу?
-Би ч гэсэн анхандаа хүмүүсийг инээлгэх гэж жаахан бохир маягийн хошигнол ярьдаг байсан. Секс ч юм уу. Яагаад гэвэл би чадваргүй байсан байхгүй юу, тэр үед. Сүүл рүүгээ мэргэжээд ирэхээр тэрнээсээ салдаг юм билээ. Сүүлийн хоёр сар лав би ерөөсөө секстэй холбоотой joke яриагүй. Тэгээд хүмүүс “Секс битгий ярь л даа” байхаар яримаар санагдсан шүү. Маш уран гоё секстэй хошигнол байж болно, секс яриахаар муу комеди гэсэн үг биш (инээгээд) Хүн бас чадварждаг юм байна лээ. Долоо хоногт гурван удаа тайзан дээр гарахаар чинь өөрийн эрхгүй ямар ч сэдвийг инээдтэй болгож сурдаг л байхгүй юу.
-Ярих сэдвээ бодоод л яваад байх уу?
-Үгүй, ажлаа хийнэ ш тээ. Би бол тайзан дээр гарахаасаа өмнө л хамгийн их joke-уудаа бодож олдог. Мэдээж амьдрал дээр янз бүрийн тохиолдлоор “Өө энийг ингээд янзалчихаж болох юм байна” гэж бодолгүй л яах вэ, хааяадаа ч гэсэн.
-Либертари сангийн Эрх чөлөөний сургалт хэр олон жил үргэлжилж байна?
-Х.Тэмүүжин багштай бараг 10 -аад жил тасралтгүй хийсэн.
-Одоо завсарлачихсан юм уу?
-Үгүй. Өнгөрсөн жил л завсарласан. Бид нар өөрсдөө Free Market Academy-ийг зохион байгуулаад, багш ч бас завгүй байсан. Энэ жил бол яаж ийгээд хийнэ гэж бодож байгаа.
- Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ-ын юу хийж байна?
-Одоохондоо сургалтуудынхаа материалыг бэлтгэж байна. Удахгүй формаль логикоор сургалт зохион байгуулах гэж байгаа.
-Ямар хүрээнд, хэнд зориулж?
-Залуучуудад зориулна гэж бодож байгаа, 18-40 насны хүрээнд. Формаль логикийн хичээлийг их сургуулиуд маш их хүндрүүлж заадаг. Бид харин маш энгийнээр хүмүүст ойлгуулахыг хүсч байгаа. Логик бол зүгээр л хүний танин мэдэх процесс шүү дээ. Ийм ийм дараалалтайгаар танин мэддэг юм байна, ийм дүрэмтэй юм байна гэдгийг л ойлгуулах юм.
-Яагаад заавал логик гэж?
-Хүн мэдээллийг ямар нэг шүүлтүүртэйгээр хүлээж авах ёстой. Тэр шүүлтүүр нь логик. Тухайн асуудалд критик хандах, зөв буруу мэдээллийг ялгах, фактын болон фактын бусаа ялгах, энэ бүх дэс дарааллыг л суулгах зорилготой. Уг нь маш энгийн зүйл шүү дээ. Үүнийг мэдэхгүйгээсээ болоод хүмүүс бусдад хууртаж, улстөрчдийн тархи угаалтад автдаг. Буруу мэдээлэл дээрээс буруу дүгнэлт хийснээс болоод буруу шийдвэр нь амьдралд нь бэрхшээл учруулдаг. Судлаачдад ч маш хэрэгтэй. Судалгаа гэдэг чинь бас л логик дэс дараалалтай танин мэдэх процесс шүү дээ. Сэтгүүлчид ч ялгаагүй, фактаа ангиллаа, анализ хийлээ, индукцэллээ, дидукцэллээ. Ийм маягаар нийтлэл гардаг биз дээ. Маш энгийн түвшний зүйлийг энгийн байдлаар хүмүүст зааж өгөх гэж байгаа юм. Фактыг яаж ангилдаг юм, яагаад хүмүүс субектив хандлага гаргадаг, тэр нь логикийн алдаанд яагаад хүргэдэг вэ гэдгийг аягүй энгийнээр хүмүүст зааж өгөх гээд байгаа юм. Тэр нь 10 жилийн хүүхэд ч байж болно, их сургуулийн оюутан, хэн ч байж болно.
-Чиний ард хэн байдаг вэ? Залуучууд, судлаачид...?
-Гоё асуулт байна. Анх либертари үзэл санаатай танилцахад, төлөвшиж тогтоход Х.Тэмүүжин багш, Д.Батчулуун багш, “Алтан тарай”-н П.Цэнгүүн захирал том нөлөө үзүүлсэн. Тэр хүмүүс бидний суурийг тавьж өгсөн. Одоо бид илүү нарийсаад, өөр өөрийн чиглэлтэй болж ирсэн. Ерөнхийд нь либерализм гэхээсээ Австрийн эдийн засгийн сургууль гэх мэтчилэн дагнаж байгаа. Надтай хамт таван залуу байна. н.Мөнхбат гэж хуульч залуу бий. Хөдөлмөрийн хуулиар Монголдоо тэргүүлэх хэмжээнд очсон. Манай н.Хасар эдийн засгийн онолын талаасаа өргөн мэдлэгтэй. “Непко” компанийн орчуулагч, анхны үүсгэн байгуулагчдын нэг н.Оюунаа маань одоо Шанхайд сурч байгаа. Бид хоёр “Мизес Монгол”-ыг анх үүсгэн байгуулсан. н.Билгүүнээ маань одоо ОХУ-д сурч байгаа. Хамгийн бага нь мөртлөө хамгийн мундаг онолын мэдлэгтэй, орчуулга сайн хийдэг. Ах нарыг бол аймаар шүүмжилнэ шүү дээ. Тэгээд би байна, одоохондоо тавуулаа. Дээр нь манай комедианууд байна. Би бол ирээдүйгээ их өөдрөгөөр харж байна. Аль 2002 оноос л олон нийтийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон. Манай залуучууд үнэхээр өөр, гоё болж байгаа.
-Яагаад заавал Австрийн эдийн засгийн сургуулийг сонгосон юм?
-Австрийн эдийн засгийн сургууль хувийн өмч дээр суурилсан чөлөөт зах зээлийн онолыг сурталчилдаг. Ж.М.Кэйнсийн онол гэдэг шиг эдийн засгийн онолын бас нэг дэг сургууль байхгүй юу. Хувь хүнийг дээдэлдэг, хувийн өмчийг хамгаалдаг, төрийн оролцоог багасгадаг, хамгийн гол нь эдийн засгийн хамгийн үр ашигтай тогтолцоог дэмждэг онол. Тийм учраас үүнийг Монголд таниулая гэж яваад байгаа юм.
Монголын эдийн засгийн сургуулиудад ямар ч онолын өрсөлдөөн байдаггүй. Ерөнхийдөө Кейнсийг л заадаг. Тийм учраас нийгэм дээр ямар ч онолын дибет, маргаан мэтгэлцээн өрнөдөггүй. Маргаан мэтгэлцээн өрнөхгүй байгаа учраас өөрсдийнхөө сул талыг олж хардаггүй. Бид мэдээж жижигхэн байгаа. Гэхдээ жижигхэн ч гэсэн эдийн засаг гэдэг юмыг өөр талаас нь харуулах юмсан гэсний үндсэн дээр Австрийн эдийн засгийн онолыг ярьж байгаа. Нэгдүгээрт, бидний үзэл санаанд таарч байна. Хоёрдугаарт, юмыг өөр талаас нь харахыг хүсч байна. Манай залуучууд өмнөх үеийнхээ либералуудаас илүү нарийсч байгаа. Өмнө ургасан чихнээс хойно ургасан эвэр урт гэдэг шиг.
-Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянгын хэлсэн нэг үг бий ш тээ. Цаазын ялыг халах нь монгол хүнийн менталитетэд таарахгүй гээд. Монгол хүн чинь бас эрх чөлөөний мэдрэмж багатай, төр шүтэх үзэлтэй, тийм менталитеттэй хүмүүс юм биш үү?
-Далан жил тархиа угаалгаад л ийм болчихсон болохоос биш харин ч монгол хүний өөрийн төрөлх мөн чанар нь эрх чөлөөний мэдрэмж асар их юм билээ. Социализмаас өмнө монгол хүн дуртай зүг рүүгээ нүүгээд л явчихдаг байсан. Халимагуудыг хар, урагшаагаа дээд Монгол, Хөх нуурын монголчуудыг хар. Ямар ч засаг захиргаа байхгүй, ноён таалагдахгүй бол нүүгээд л явчихна. Тийм учраас маш индэпэндэнт. Бие даасан, эрх чөлөөтэй. Зуданд малаа алдчихвал чи өөрөө л хохирно. Тийм учраас өрх гэрээ чи өөрөө зохион байгуул, аж ахуйгаа өөрөө авч яв. Хэн нэг төр юм уу, даргаас хараат бус. Хаана өвөлжих, хаана хонио хариулахаа хэнээс ч асуухгүй. Дайн дажин боллоо гэвэл Орос руу нүүгээд л явчихна, хил хязгаар хамаагүй. Яг үнэндээ монгол хүний менталитет тийм юм шиг санагддаг.
-“Эх дэлхий миний гэр” гээд л яваад өгөхнээ дээ?
-Яг тийм. Би жишээ нь илжгэн халх. Манжийн дарлалд халхууд зүгээр л нүүгээд яваад орчихож байгаа байхгүй юу. Манжийг таалаагүй хэсэг нь Зүүн гарын улсруу нүүчихсэн. Хэсэг халхууд нүүгээд явчихсан, хэсэг нь “Өө зүгээр, та нартай хамт амьдарна аа” гээд л үлдчихсэн. Хэн ч “Чи нүү”, “Чи үлд” гээгүй. Одоо ч гэсэн монгол хүн хууль, дүрэмд нэг их баригдахгүй. Цагдаа байвал дүрмээ биелүүлнэ, байхгүй бол биелүүлэхгүй. Төр гэдэг чинь юу билээ, хууль л байхгүй юу. Төрд захирагддаггүй менталитет нь одоо хүртэл байгаад л байна. Суурин биш соёлын нөлөө байх л даа. Манайхан чинь тэр байтугай төргүй байсан улс. Одоо л нэг Улаанбаатартаа цуглаад, утаа мутаандаа баригдаад, зам дээрээ түгжрээд ирэхээр “За энэ төр гэдэг юм чинь зохицуулаад байдаг юм байна” гэж ойлгож эхэлж байх шиг байна.
-Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Танд амжилт хүсье!
Б.СЭМҮҮН
Сэтгэгдэл байхгүй байна