• Эхлэл
  • ГЕГ: Замын хашлага, бордюрын импорт өмнөх онтой харьцуулахад 30 дахин нэмэгдсэн

ГЕГ: Замын хашлага, бордюрын импорт өмнөх онтой харьцуулахад 30 дахин нэмэгдсэн

2024/10/06

Иргэдийн зүгээс ихээхэн шүүмжлэл, бухимдал гаргаад байгаа нийслэлд хийгдэж буй замын хашлага буюу бордюрын үнэтэй холбоотой асуудлаар Гаалийн Ерөнхий Газраас мэдээлэл хийлээ. 

ГЕГ-ын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн дарга Ч.Чимгэрэл: 

-"Монгол Улсын хэмжээнд 2024 оны эхний есөн сарын байдлаар нийт 58 ААН, хоёр иргэний 21,000 тонн замын хашлага, бордюр хавтанг импортолсон байна. Импортын замын хашлага, бордюр, цементэн хавтанд нийт 2.4 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн. Шахим орчинд өрнөж байгаа "нэг ширхэг бродюрыг 19,000 төгрөгөөр тооцож гаалийн татвар авсан" гэх мэдээллийг шалгаж үзэхэд нотлогдоогүй. Бордюрын импорт, замын хашлагын нэг ширхгийн үнийг тооцоолж үзэхэд дунджаар 77,000 орчим төгрөгөөр гаалийн байгууллагад мэдүүлж, гаалийн татвар болон НӨАТ-ыг төлж барагдуулсан. 19,000 төгрөгөөр оруулж ирсэн асуудал байхгүй. Үүнийг хууль хяналтын байгууллагууд шалгах байх. 

Гаалийн үнэ гэдэг нь тухайн барааны онцлог, бүтэц, худалдааны гэрээнээс хамаараад тээвэрлэлтийн нөхцөл байдал болон бусад гадаад оронд зарж буй үнээ нэмээд гаальд мэдүүлж байгаа дүн. Энэ жил улс орны бүтээн байгуулалтын их ажил өрнөж байна. Үүнтэй холбоотойгоор өмнөх онтой харьцуулбал 30 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан. Гаалийн байгууллагын хувьд хэмжээсийг метр куб, тонноор илэрхийлдэг бөгөөд гаалийн үнийг ширхгээр тодорхойлдоггүй" гэв.

Энэ жил байгалийн чулуун бордюр их орж ирсэн. Мөн цемент бетон бордюр ч бас импортолжээ. 

Гаалийн татварын хувьд:

  • Байгалийн чулуун хашлага бродюрын гаалийн татвар нь таван хувь, НӨАТ 10 хувь
  • Цементэн бетон хашлагын гаалийн тариф нь 20 хувь, НӨАТ нь 10 хувь

Хятад улсаас импортолсон бордюрыг Замын-Үүд, Бичигт боомт, Говь-Алтайн Бургастайн боомтоор, Гашуунсухайтын боомтоор оруулж ирсэн. Замын-Үүдийн боомтоор хамгийн их хувь буюу 392.8 тонн бродюр оруулж иржээ. Харин хамгийн бага импортолсон нь Бичигт боомтоор 76.3 тонн орж ирсэн байна.


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин