• Эхлэл
  • Сергей Зверев бүх монголчуудыг доромжиллоо

Сергей Зверев бүх монголчуудыг доромжиллоо

2021/09/07

Сергүй Зверев хэмээх содон нөхөр Оросын төрийн думын сонгуульд нэрээ дэвшүүлээд байгаа. Тэрээр буриад хувцас өмсч олны анхаарлыг татлаа. Түүний талаар сэтгүүлчийн өгүүллэгийг хүргэж байна.
Оросын Төрийн Думын сонгуульд Буриад улсын нэрийн өмнөөс шоу ертөнцийн төлөөлөл болсон Сергей Зверев өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн явдлын талаар монголчууд болон хэвлэл мэдээллийнхэн ид шуугиж байна. Оросын шоу од Зверевийг зарим хүн Монголын супер од, дуучин Самандын Жавхлантай зүйрлэдэг. Зверев ч олон талаар Жавхланг дууриан, хуулбарлахыг оролддог. Гэвч Зверевийг Жавхлантай харьцуулах аргагүй юм. Тэр бүү хэл ингэж харьцуулах нь ч доромж хэрэг болно. Түүнчлэн буриадын нэрийн өмнөөс сонгуульд нэрээ дэвшүүлсэн нь үүнээс ч доромж хэрэг боллоо.
Учрыг тайлбарлая. Жавхлан бол үндэсний өв соёлоороо бахархдаг, үлгэр жишээ гэрийн эзэн. Харин Зверевт ямар бахархал байна вэ? Гэр бүлийн талаар тогтворгүй, хэдэн удаа гэрлэсэн, өргөмөл хүүгээ ч хүмүүжүүлж чадаагүй.
Зугаа цэнгэлийн хааны биеэ авч яваа байдал ч дургүй хүрмээр. 60 нас хэлбийсэн хэдий ч будсан хүүхэлдэй шиг л харагддаг. Буриад үндэсний дээл хувцас, будаж шунхадсан нүүр хоёр хоорондоо огт зохицолддоггүй, бүүр ой гутмаар.
Жавхлан бол Монголын парламентын гишүүн байсан, гишүүн байхдаа байнга монгол үндэсний хувцсаа өмсдөг, сайхан ч зохидог. Монгол дээл хувцастай Жавхлан яг төрөлх Ойраддаа байгаа юм шиг харагддаг. Бас буриад дээлээр ч гангарч байсныг та бүхэн санаж байгаа байх.
Зверев хэрвээ буриад дээл хувцасны гүн утга учрыг мэддэг байсан бол бид түүнийг Жавхланг дууриахад нь талархан хүлээн авах байсан. Буриад дээл хувцас нь Монголын бусад ястны хувцсын адилаар нүүдлийн ахуй амьдрал, морин дэл дээр давхихад яг дасан зохицсон байдаг. Амьдралын хэв маягт дасан зохицохоос гадна өмссөн эзнийхээ талаар маш олон зүйлийг дээл хувцас өгүүлж байдаг. Харин Зверевийн өмссөн буриад хувцас юу өгүүлнэ вэ? Түүний өмссөн хувцсыг буриад гэж хэлэхэд хэл эвлэхээргүй. Зверевийн өмссөн буриад дээл нь яг Бразилийн карнавалын хувцас шиг, тод өнгөтэй тотийг санагдуулдаг. Дээл нь газар шүргэм урт учраас алхахад хөл орооцолдоно, ийм дээлтэй моринд мордвол дөрөөндөө орооцолдоно. Эр хүний дээдэлдэг бүсний талаар бүүр дуугай байсан нь дээр, Зверевийн бүсийг харахад эр хүн гэж хэлэхээргүй.
Ийм хачин хүн сонгуульд өрсөлдөж, буриад ах дүү нарын хэдэн хувь нь түүний төлөө саналаа өгөх бол гэж бодохоор тун сонин. Хэрвээ тэр сонгуульд санал авбал буриадууд төрөл арилжсан гэсэн үг болох нь. Уг нь нүүдэлчид бол жинхэнэ эрчүүд, тэр эрчүүд дэлхийн талыг эзэлж явсан түүхтэй сэн.


Б.Солонго


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин