• Эхлэл
  • Настанд зориулсан эрүүл мэндийн үйлчилгээг хаанаас авч болох вэ?

Настанд зориулсан эрүүл мэндийн үйлчилгээг хаанаас авч болох вэ?

2018/12/05

- Монгол Улсын нийт хүн амын 14,9 хувийг эзлэх тооцооллыг Үндэсний статистикийн хорооноос гаргасан байна. Энэхүү хүн амд эзлэх  настны тоо өсөхийн хэрээр Геронтологийн үндэсний төвөөр үйлчлүүлэх настны тоо жилээс  жилд өсөн нэмэгдэж  байна-

Монгол Улсад 2018 онд 273468 настан амьдарч нийт хүн амын 8.6 хувийг эзэлж  байгаа бол 2030 он гэхэд настны тоо 535761 болж 2,2 дахин нэмэгдэж  Монгол Улсын нийт хүн амын 14,9 хувийг эзлэх тооцооллыг Үндэсний статистикийн хорооноос гаргасан байна. Иймд настны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг үзүүлж тэдний амьдралын чанарыг сайжруулах  асуудал чухлаар тавигдаж байна. 

Тэгвэл ахмад настанд төрөлжсөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг эмнэлэг байдгийг манайхан тэр бүр мэддэггүй. Үүгээр ч зогсохгүй нас дээр гарсан аав, ээжийгээ насны эрхээр өвдөх нь гарцаагүй гэсэн ойлголттой байх нь элбэг. Энэ удаад насжилт, насжилт дагасан өвчлөлийг судлах, ахмадуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2005 онд Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан Герантологийн төвийн талаар танилцуулж байна.

Хүн амд эзлэх  настны тоо өсөхийн хэрээр Геронтологийн үндэсний төвөөр үйлчлүүлэх настны тоо жилээс  жилд өсөн нэмэгдэж  буй. Төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээ нь настанд гериатрийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, тасралтгүй үйл ажиллагааг хангах явдал юм.

Өнөөдрийн байдлаар үзлэг оношилгооны хэсэг, эмчилгээний хэсэг, олон мэргэжлийн багийн тусламж үйлчилгээний хэсэг гэсэн бүтэцтэй, үндэсний хэмжээнд  55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй настанд харьяалал харгалзахгүй тусламж үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Тус төвөөр амбулаторийн тусламж үйлчилгээнд жилдээ 20000 гаруй настан хамрагддаг. 2016 оноос эрүүл мэндийн даатгалын тогтолцоог нэвтрүүлж эхэлсэн.

Амбулаторийн  тусламж үйлчилгээний зэрэгцээ настнуудын дунд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулах, настны эрүүл мэндийн чиглэлээр анхан ба хоёрдугаар шатлал, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө  өгөх , лавлагаа  төвийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна.

Төвийн үзлэгийн хэсэгт дараах мэргэжлийн / настны эмч, уламжлалт анагаах ухаан, мэдрэл, зүрх судас, арьс харшил, сэргээн засах эмчилгээний, хөнгөвчлөх эмчилгээний/  эмч нар  үзлэг хийж   эрүүл  мэндийн зөвлөгөө өгдөг. Төвөөр үйлчлүүлж буй настнуудын өвчлөлийн статистик судалгаагаар нийт үзлэгийн 30.3 хувь нь яс булчингийн тогтолцоо ба холбох эдийн өвчин, 25.3 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчин, 15.9 хувь нь мэдрэлийн тогтолцооны өвчин, 7.3 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, 7,1 хувь нь шээс ялгаруулах тогтолцооны өвчин тус тус эзэлж байна.

Оношлогооны хэсэгт хэвлийн хэт авиа, тархины судасны бичлэг, ясны нягтрал тодорхойлох, захын цусанд глюкоз тодорхойлж, тархины цахилгаан бичлэг, зүрхний цахилгаан бичлэг, зүрхний хэт авиан  оношлогоо зэргийг хийж байна.

Эмчилгээний хэсэгт настны алдагдсан чадвар чадамжийг боломжит  түвшинд  сэргээн засах эмчилгээ,  хөдөлгөөн засал, хөдөлмөр засал физик эмчилгээ /УВЧ, УЗТ, ICT, лазер, искра, нил улаан гэрэл, утлага, ионжуулах аппарат/, уламжлалт эмчилгээний аргаас ургамлаар  халуун  бигнүүр,  ороолт   хийх, зүү, төөнүүр,бариа засал бумба тавих зэрэг эмчилгээнүүд зонхилон хийгддэг. 

Дэлхийн олонх улс орнууд АНУ, Тайвань, Япон зэрэг орнуудад настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг багаар үзүүлдэг. Энэ нь настанд зонхилон тохиолдох эмгэгүүд, хам шинжүүд зэрэг настанд тулгамдаж буй биемахбодийн төдийгүй нийгэм, сэтгэцийн олон талт асуудлыг цогцоор нь шийдвэрлэдэг олон мэргэжлийн багийн тусламжийг илүү үзүүлдэг байна. Энэхүү туршлагаар төвийн хэмжээнд олон мэргэжлийн багийн тусламж үйлчилгээг үзүүлснээр брэнд үйлчилгээ болж чадсан юм.

Төвийн олон мэргэжлийн баг нь 2007 оноос настанд гэрээр тусламж үзүүлэх “Тэнхлэг” олон мэргэжлийн багийн тусламж үйлчилгээний шинэ хэлбэрийг нэвтрүүлж, хэвтрийн настны гэрт нь очиж, шаардлагатай эрүүл мэндийн болон нийгмийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Олон мэргэжлийн баг нь хүнд өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй настанд гэрийн нөхцөлд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогц байдлаар хүргэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, улмаар настны сэтгэл ханамж, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой. Олон  мэргэжлийн багийг мэдрэл хөнгөвчлөх эмчилгээний эмч  удирдан зохион байгуулдаг .

Олон мэргэжлийн багийн гишүүд нь өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн эрүүл мэндийн төвийн, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтантай  хамтран ажиллаж үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Настанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрээр үзүүлэх олон мэргэжлийн багт  хөнгөвчлөх эмчилгээний эмч, настны эмч, настны сувилагч, эрүүл мэндийн нийгмийн ажилтан нар байдаг бөгөөд шаардлагатай тохиолдолд бусад төрөлжсөн мэргэжлийн  эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд багийн бүрэлдэхүүнд орж ажилладаг. Олон мэргэжлийн баг нь  жилдээ нийслэлийн 9 дүүргийн эрүүл мэндийн 4,5 дугаар бүлгийн хэвтрийн 500 гаруй настанд эрүүл мэндийн болон нийгмийн тусламж үйлчилгээг үзүүлж буй юм.


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин