Оны өмнө нэг элгийн юм болсон. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаярыг Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар томилох тухай Засгийн газрын саналыг Ерөнхийлөгч хүлээж авсангүй. Түүний ажлын туршлагыг Ерөнхийлөгч үнэлж цэгнээд “Монгол Улсыг гадаад улсад төлөөлөх чадваргүй” гэж үзсэн юм байх. Үүнээс болоод соошлаар нэг уй гашуу. Ийм ч мундаг дипломат, тийм ч том улстөрчийг ажлыг туршлагагүй гэхдээ яахав дээ... гээд л. Тэгж яривал танай Аса чинь ямар туршлагатай болоод... энэ тэр.
Тэгээд сайд асан, дэд сайдын намтрыг судлаад үзвэл яах аргагүй социализмын сүүлчийн бүтээгдэхүүн, Монгол Улсаас ЗХУ-д бэлтгэсэн сүүлчийн дипломат болж таарав. 1989 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн төдийгүй ардчиллын эхний жилүүдэд Гадаад яаманд нэгдүгээр нарийн бичгийн дарга, Энэтхэг улс дахь манай ЭСЯ-нд 2-р нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1997 оноос хувийн хэвшил рүү орж, 2000 оноос улс төрийн карьераа эхлүүлжээ.
Үүнээс хойш тасралтгүй 18 жил МАН (МАХН)-ын үйл хэрэгт “морь нохой мэт” зүтгэжээ. Түүний хийсэн хамгийн том мэдэгдэл нь 2005 онд МАХН-ын генсек байхдаа авлигын хэргээр шалгагдаж байсан “гаалийн” хэмээх Х.Баатарын хэрэг дээр “ГЕГ-ын дарга нь Х.Баатар нь МАХН-ын сонгуульд 100 сая төгрөгийн хандив өгсөн нь үнэн болно” гэдэг баталгааг бичгээр гаргаж өгсөн явдал байв. Энэ явдал түүнийг улс төрд тамгалсан. 2007 он хүртэл Нийслэлийн МАХН-ын хорооны даргаар ажиллаж байгаад 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, БСШУ-ы сайдаар томилогдсон. 2012-2016 онд УИХ-ын гишүүн, 2016 оноос БСШУС-ын дэд сайдаар ажиллаж байгаа.
Яг одоогийн өндөрлөгөөс харвал Ё.Отгонбаяр бол яалт ч үгүй улстөрч хүн. Тэр дундаа МАН дотроо туршлагатай улстөрчдийн тоонд орно. Өөрийгөө ч ингэж илэрхийлж ирсэн. Тэр имижээс нь болоод Ерөнхийлөгчийн толгой түр зуур эргэсэн байхыг үгүйсгэхгүй л дээ.
Харин нөгөө өнцгөөс харвал, сүүлийн 10 гаруй жилд Монголын дипломат албыг дандаа улстөрчдөөр хөл залгуулж ирлээ. Огцорсон, дампуурсан, орон шоронгоос зугтсан нөхдийн орогнох газар шахуу болчихоод байгаа. Сүүлийнх нь жишээ Б.Хурцын томилгоо. Арай мэргэжлийн гэхээр нь Ё.Отгонбаяр байж магадгүй.
Тиймээс Ерөнхийлөгч хэрвээ хүсвэл, Засгийн газар хүлээн зөвшөөрвөл дипломат албыг улс төрөөс салгах цаг хэдийн болсон. Улс төрд явбал явсан шиг яваад, зайлвал зайлсан шиг зайлаад, зайгаа тавиад өгдөг соёлд манай улстөрчид суралцмаар байна. Тэгэхгүй нам нь ялагдахаар усанд хаясан чулуу шиг алга болчихоод ялахаар ёс юм шиг шавж ирээд болсон болоогүй заавал нэг албан тушаал авдаг нөхөд энэ хоёр намд дэндүү олон. Жишээ нь АН-ын Т.Ариунсан. Татварын дарга, Тагнуулын дарга гээд мэдэхгүй, чадахгүй юм байхгүй.
МАН-ын Р.Содхүү байна. Уг нь сумын сургуулийн багш, САА-ын нягтлан бодогч л байсан юм билээ. Хоёр удаа УИХ-д соногдоод бууснаасаа хойш Хөрөнгийн биржийн захирал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Үндэсний статистикийн хорооны дарга, Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүн, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга гээд яваагүй газар, хийгээгүй дарга байхгүй. Очсон газар болгон нь дампуураад байхад л мань хүн ичих ч үгүй “Монголын төр намайг ашигладаг” гэж юу яана. Д.Сугар гэж бас нэг нөхөр бий. Дэлхий ертөнц өөрчлөгдөөд байдаг, манай хэдэн дарга л бахь байдгаараа. Парникны ургамал шиг хаана ая тухтай, биеэ оторлохоор бэлэн зэлэн юм байна тэнд очоод бөгсөө шигтгэчихдэг. Тэндээс нь суга татаад хаячихвал шууд амь тавих нь л дээ.
Монголын төр тэдэнд ямар гай тарьсан болохоор, эсвэл тэд ямар гавьяа байгуулсан болохоороо ингэж амьдардгийг чөтгөр бүү мэд. Хэрэвзээ намдаа тэгж их гавьяа байгуулсан бол нам нь л тэр хүнээ өөд татаж, хөшөө дурсгалыг мөнхөлмөөр. Төрийн ажил, албаар дэнчин тавьж байхаар.
Уг нь Ё.Отгонбаярыг улс төрд олон жил явсан гэдэг утгаараа их биш гэхэд бага зэргийн бол хат суусан хүн гэж итгэж явлаа. Гэтэл Ерөнхийлөгч өөрийг нь “чадваргүй” гэсний төлөө бэлэг эрхтнийхээ уртыг жиргэж “чалхаа” гайхуулсныг харахад бас л эрүүл гэж итгэхэд бэрх болчихсон хүн аж. Уг хүнийх нь араншин уу, өмнөх УИХ-ын үед эхнэрийг нь АТГ-ынхан хорьсон барьснаас үлдсэн оёг уу?
Б.СЭМҮҮН
Сэтгэгдэл байхгүй байна