Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингисийг өчигдөр /2025.01.09/ албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
Түүнийг албан тушаалаас нь чөлөөлөхийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрыг огцруулах жагсаалыг П.Цагаан болон түүний хүү, мөн Дотоодын цэргийн командлагч Р.Чингис, түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа” гэж мэдэгдсэн.
Р.Чингис нь 2014-2016 онд Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажилласан. Энэ үед тус газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь “Шинэ төмөр зам төсөл”, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой хэргийг шалгаж байв. Дээрх хэрэгтэй холбогдуулан цагдаагийн мөрдөгч нар 2016 оны дөрөвдүгээр сард “Баялгийн хувь” ХХК, “Түмэн хишигтэн” ХХК-ийн санхүүгийн бичиг баримтад шалгалт хийхээр “Баянгол” зочид буудалд байрлах өрөөнд нэгжлэг хийх болоход УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлах гэж байна гэдэг дуулиан дэгдээж, бөхчүүдийг цуглуулан ажиллагаанд нь саад учруулж байсан.“Баянгол” зочид буудлыг бүслэх шахам цугласан олны дунд Олимпийн аварга Н.Түвшинбаяр, сумогийн их аварга Д.Дагвадорж, “Херо”-гийн Б.Баатар нар очиж байсан.
Харин дээрх нэгжлэг болж өнгөрсний дараа УИХ-ын гишүүн Х.Баттулга Хууль зүй дотоод хэргийн сайд Д.Дорлигжавт хандан, Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис нэр бүхий компаниудад санхүүгийн шалгалт хийх нэрээр цагдаагийн тусгай хүчний тасгийг бүрэн зэвсэглэн хүч хэрэглэсэн үйл ажиллагаа явууллаа. Тиймээс түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн цагдаагийн тусгай хүчийг зориулалтын бус үйл ажиллагаанд ашигласан хэрэгт шалгаж өгнө үү гэж гомдол гаргаж байв.
Тиймээс УИХ-ын гишүүн Х.Баттулга нөлөөлж Р.Чингисийг Дотоодын цэргийн командлагчаас нь зайлуулав уу гэх хардлага ч давхар дагаж байна.
Сэтгэгдэл байхгүй байна