Ийм утгатай үгийг УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд АН-ын дарга Л.Гантөмөр хэлжээ. Бүр тодруулбал, "Бид үзэл бодлоосоо болж улс орны эрх ашгийг уландаа гишгэдэг үзлийг халж байж улс орны эрх ашиг нэгдүгээрт гэдэг зарчим дээрээ ирнэ" гэжээ. АН-ын даргын энэ үг соошил орчинд шуугиан тарьж, "хэрхэн үзэл бодолгүй болох вэ" гэдэн өрсөлдөөн өрнөж байна. Ер нь бол Монгол Улсын ядуурсан, доройтсон, хөгжихгүй байгаа цор ганц шалтгаан нь улс төрийн намууд нь үзэл баримтлалтай, иргэд нь үзэл бодолтой байснаас болсон юм гэнэ.
Жишээ нь ногоон автобусыг хулгайлсан, нүүрсний 44 их наядын хулгай, ЖДҮХС, Хөгжлийн банкийг тоносон энэ тэр чинь бүгд тухайн намын үзэл бодол байсан байна. Үзэл бодлын ялгаанаас болж улс төрийн намууд дээрэм тонуул хийдэг юм байна. Тиймээс улс төрийн бүх намууд яаралтайгаар үзэл бодлоо өөрчлөх буюу үзэл бодолгүй болох, нэг нам болж "нэг цонхны хулгайд" шилжих бололтой юм.
Үзэл бодолгүй болсны бас нэг жишээ нь өнөөдөр бий болсон Хамтарсан Засгийн газар. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газар байгуулахдаа "Эдийн засгийн хөгжлийн бодлогыг АН-д өгч, нийгмийн хамгааллын бодлогоо МАН авч явна аа" гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, төсөв бүрдүүлэх үүргийг АН-ын сайд нар хүлээж, түүнийг нь захиран зарцуулах эрхийг МАН авна гэсэн үг. Энд жишээ нь үзэл бодлын, үзэл баримтлалын ялгаа байна уу?
Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын ээлжит хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Стратегийн ордыг эзэмшиж байгаа хувийн компаниудын 34-50 хувийг төрийн мэдэлд авна. Орд зэмшиж байгаа есөн компанитай хэлцэл хийнэ. Тусгай зөвшөөрөл нэртэй алга дарам цаас барьчихаад хувийн хэвшил, олон улсын хөрөнгө оруулагч нар "Энэ бол 100 хувь миний өмч" гэх нь зохисгүй. Манай улсын хууль эрх зүйн орчныг хүндэтгэх ёстой" гэж мэдэгдсэн.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн найман жил явсан хувийн хэвшил, хөрөнгө оруулагч нарыг тонох ажиллагаа хамтарсан Засгийн газрын үед ч үргэлжлэх юм байна. Үргэлжлээд зогсохгүй хуульгүй хийдэг байсан дээрмээ хуульчлах ажиллагаа явагдах юм шиг байна. Үүнтэй хамт "хувийн өмчийг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, бизнест төрийг оролцоог халах" АН-ын бодлого, үзэл санаа, мөрийн хөтөлбөр ч утаа болон замхарч байгаа бололтой.
Тэгээд цаашилбал, иргэд үзэл бодолтой байхыг ч гэсэн хуулиар хориглох биз. Үзэл бодолтой байх нь улс орны эрх ашигт хортой учраас.. Угаасаа хэвлэл мэдээллүүд нь хүртэл "МАН" гэдэг ганцхан үзэл бодолтой болчихсон байхад үлдсэнийг нь хийж ядаж юухан байх вэ.
Сэтгэгдэл байхгүй байна