АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Канад, Мексикийн бараанд 25 хувийн татвар ногдуулахаа өнгөрсөн Бямба гаригт зарласан. Үүнээс болж канадчууд АНУ руу хийх аяллаа цуцалж, америк архи, согтууруулах ундаа болон бусад бүтээгдэхүүнийг бойкотлож эхэлжээ. Трамп албан тушаалаа хүлээж авахаасаа ч өмнө татварын талаар мэдэгдэж байсан. Гэсэн ч соёл, газар зүйн хувьд АНУ-тай маш ойрхон байдаг улсын хувьд эдийн засгийн дайныг цочирдож хүлээж авч байгаа аж.
Энэ талаар Канадын хилийн Виндзор хотын дарга Дрю Дилкенс хэлэхдээ "Трамп дэлхийн дэг журмыг өөрчлөхийг хүсч байх шиг байна. Хамгийн ойрын холбоотноосоо эхлэхэд бэлэн байгаа хүн бусад улсад юу хийх бол. Детройт, Виндзорыг холбосон гүүрээр өдөр бүр 400 сая канад доллар буюу 272 сая ам.долларын худалдаа явдаг" гэжээ.
Трампийн шийдвэрийн хариуд Канад улс америк бараанд 107 тэрбум ам.долларын татвар ногдуулсан. Мөн Канадын ерөнхий сайд Жастин Трюдо хүмүүсийг эх орноосоо худалдан авалт хийж, эх орондоо амрахыг уриалсан байна.
Энэ мэтчилэн улс хооронд үл ойлголцол үүсээд буй тул Дональд Трамп Даваа гаригт Канад, Мексикт татвар ногдуулах үйл явцыг 30 хоногийн хугацаанд түр зогсоох шийдвэр гаргалаа. Үүнийгээ тэр эдийн засгийн эцсийн хэлэлцээр байгуулах боломжтой эсэхийг шалгах 30 хоногийн хугацаа гэж нэрийдэж байна.
Харин Хятадын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулах шийдвэр өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжинэ.
ЭХ СУРВАЛЖ: AP, REUTERS
Сэтгэгдэл байхгүй байна