"Монголын зэс корпораци" ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар: Бид улстөрийн хугацаатай амлалтын золиос болж байна
Засгийн газраас өчигдөр Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар ээлжит бус хуралдаан зарлаж, “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авах шийдвэр гаргасан. Ингэхдээ 49 хувийг эзэмшигч хувийн хэвшилтэй харилцан суутгах замаар тооцоо нийлнэ гэж мэдэгдсэн юм. Харин энэ асуудлаар өнөөдөр "Монголын зэс корпораци"-ийн зүгээс мэдээлэл хийлээ.
Өнөөдрийн энэ үүсээд байгаа нөхцөл байдал "Монголын зэс корпораци" ХХК-ийн эрх ашиг гэхээсээ илүүтэй хувь хүн болгоны эрх ашигт нөлөөлж байгаа институт хоорондын маргаан юм гэж тэд үзэж байна.
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тус компанийн төлөөлөлтэй уулзалт хийж, мэдээлэл солилцсон бөгөөд “Эрдэнэт үйлдвэр ХХК”, “Монголросцветмет” ХХК-иуд дахь 49 хувийн хувьцааг төрд шилжүүлэх тухай ямар нэгэн хэлцэл хийгээгүй хэмээн албан ёсоор мэдэгдсэн юм.
"Засгийн газрын нэр бүхий гишүүд хэвлэлийн хурал хийж "Монголын зэс корпораци" ХХК-ийг Засгийн газартай гэрээ хийсэн мэтээр мэдээлсэн. Бидний зүгээс Засгийн газартай ямар нэгэн гэрээ хийгээгүй. Бид улстөрийн хугацаатай амлалтын золиос болж байна” хэмээн тус компанийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. Тэрбээр мөн өнгөрсөн дөрөв дэхь өдөр Засгийн газар гэнэт хурал хийж шийдвэр гаргаж байгаа нь бас амлалттай холбоотой. Засгийн газар Дээд Шүүхийн шийдвэрийг давж, үгүйсгэж байгаад харамсаж байна.
Нэр бүхий иргэд өнгөрсөн 2017 оны хавар Үндсэн хуулийн цэцэд хандсан байсан. Гэтэл энэ маргаан явж байхад Засгийн газар хоёр ч удаа Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар шийдвэр гаргаж байгаад гайхаж байна. Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж дээр Засгийн газар нь хууль дээдлэх түүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг. Гэтэл Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлсэнгүй. Бид Засгийн газарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүсэлт тавьсаар ирсэн. Дээд шүүхийн шийдвэр гарч, хувьцааны бүртгэл сэргэсний дараа ТУЗ-ийн хурлаа хийж асуудал шийдэгдлээ гэж бодож байсан. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан гэрээ хэлцэл маань Английн хуулиар хийгдсэн. Ямарваа нэгэн маргаан байвал олон улсын арбитрын шүүхэд очихоор байгаа" гэлээ.
Д.Цолмон
Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу
Сэтгэгдэл байхгүй байна