• Эхлэл
  • Оросын эсрэг шинэ багц хоригийг баталжээ

Оросын эсрэг шинэ багц хоригийг баталжээ

2025/02/25

Европын Холбоо /ЕХ/ ОХУ-ын эсрэг дахин хориг арга хэмжээ авч, тус улсаас нийлүүлж буй хөнгөн цагааны импортыг хориглохоор шийдвэрлэжээ. Оросын цэргүүд Украинд халдан довтолсноос хойш яг гурван жилийн дараа буюу даваа гарагт ЕХ-ны Гадаад хэргийн сайд нар Бельгид цугларч, уг хоригийг баталсан байна. 

Оросын хувьд орлогын чухал эх үүсвэр болсон хөнгөн цагааны импортын хориг нэг жилийн дараагаас бүрэн хэрэгжиж эхэлнэ. Хориг арга хэмжээний шинэ багцад видео тоглоомын консолиудын экспортыг хязгаарлах шийдвэр мөн багтжээ. Албаны хүмүүсийн үзэж байгаагаар, Оросын цэргүүд нисгэгчгүй онгоцыг удирдахын тулд тэдгээрийг ашигладаг байна.

Мөн хориг арга хэмжээнээс зайлсхийж, Оросын эрчим хүчний салбарт нууцаар орлого оруулдаг "сүүдрийн флот" гэгдэх 74 хөлөг онгоцыг хар жагсаалтад оруулснаар хоригт багтсан хөлөг онгоцны тоо 153 болж нэмэгдсэн байна. 

 Үүний зэрэгцээ, ЕХ-ноос Украинд 3.5 тэрбум еврогийн тусламжийг шинээр олгоно гэж Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен даваа гарагт Киевт болсон дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгджээ. “Украины дайн бол Европын ирээдүйд нөлөөлөх хамгийн гол ноцтой хямрал хэвээр байна. Украины эсэргүүцэн тулалдах чадварыг бэхжүүлэх нь бидний эн тэргүүний зорилт хэвээр байна” гэж тэрбээр хэллээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин