• Эхлэл
  • Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна

Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна

2024/11/28

Нийтлэлч У.Оргилмаагийн нийтлэлийг хүргэж байна.

Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, тус намын генсек асан, одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарт 76 гишүүнтэйгээ учраа олоод, эрх баригч намын дарга гээд даналзаж байх бүрэн боломж байсан. Гэтэл гэнэт гайхамшигтай ардчилсан, шударга улстөрчийн дүрд хувирч “2019 онд Үндсэн хуулийн өөрчлөлтийг дутуу хийцгээсэн байна. Шинэ 30 жилийг бид эхлүүлнэ” гээд туг эргүүлээд “хувьсгал шахуу зүйл” хийсэн. Ард олонд гоё сонсогдож мэдэх боловч улс төрийн талаасаа “яаж галзуурах нь энэ вэ” гэмээр алхмуудыг хийж намынхаа олон арван гишүүнийг гомдоож өөрсдөдөө үүрдийн шахам “дайсан” бэлдэх нь тэр.

Ингээд 2023 оны тавдугаар сарын 5-ны өдөр буюу УИХ-ын 2024 оны сонгуулиас нэг жилийн өмнө Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барихдаа доорх үгийг хэлж байв. Үүнд “Ард түмний төлөөлөл болсон энэ хүмүүс иргэдийг үнэхээр төлөөлж чадаж байна уу? Хүмүүнлэг иргэн төвтэй нийгэм цогцлоох чиг хандлага зөв явж байна уу? Эдийн засгийн өсөлт иргэдэд хүртээмжтэй байна уу гэсэн асуултуудыг 30 жилийн дараа дүгнэн “эргэж харж”, тэр зүгт олон нийтийн анхаарлыг хандуулав.

Үүнийхээ төлөө тэр шоолуулсан, загнуулсан. Учир нь “Оюук дүү” маань 30 жилийн өмнө ердөө 14-хөн настай хөвгүүн байлаа л даа. Гэтэл юуг, яаж өөрчлөх юм бол гэдэг нь олон хүний элгийг хөшөөж байв.
Ингээд ах нарын “инээд нь ханиад” болж, дээрх асуултуудын хариуллт болсон суурь өөрчлөлтүүдийг цаг алдалгүй хийж эхлэв. Үүгээрээ ардчилсан засаглалд итгэл алдрах эрсдлийг анзаарч засаж залруулах ажилдаа орсон.
Тэрбээр ҮХНӨ-ийн төслийг гурван тулгуурт үндэслэн УИХ-д танилцуулж өргөн барилаа. Намын даргын хувиар, түүнийг сонсох цаг мөчид тэрбээр өөрийнхөө эрхшээж болох эрх мэдлийг задлан нийгмийн төлөөллийг парламентад урих “тэнэг бөгөөд гайхалтай” шинэ санаа нь дараах гурван үндэслэлтэй байв.

Үүнд юуны өмнө геополитикийн өөрчлөлт буюу олон туйлт дэлхий. Гадаад харилцааны шинэ тактикийн асуудлууд үүнд багтана. Дараагийнх нь нутаг дэвсгэрийн болон нийгмийн төлөөллийг тэгш хангах буюу “Оюукийн хэлээр” бол “бүсчилсэн хөгжил”. Эцэст нь эдийн засгийн их үсрэлт буюу амнаас нь салахаа больсон олон их наядын тухай фантаз. Ингээд ад үзэгдэн, гоочлуулсаар ҮХНӨ-ийн төслөө танилцуулсаар 2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр батлууллаа. Ийнхүү 126 гишүүнтэй парламенттай болох, үүний тулд холимог системээр сонгуулиа явуулах, гол чиг шугам нь бүсчилсэн хөгжил байх нөхцөл бүрдсэн.

Нөхцлөө хуульчлан бүрдүүлж, тоглоомын дүрмээ тохироод авсан Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нэгэнт УИХ-аас зөвшөөрлөө авчихсан учраас чөлөөт тоглолт хийж эхэллээ. Өөрт байгаа бүх зүйл, бүрэн эрх мэдлээрээ дэнчин тавьж байгаад МАН-ын жагсаалтыг “зохиохдоо” намынхаа дотор “үе солих”, УИХ-д нийгмийн төлөөлөл бүрийг багтаах талаараа ярьсаар намынхаа бүх ах нарт, бүх найз нөхөд дундаа адлагдан “ганцаардсан чоно” гэгч болов. Ингэж байж, тийм үнэ цэнээр өнөөдөр өөрийг нь нүдэж балбаад, доромжилж гүтгээд байгаа нам, намын залуусыг парламентад оруулах орон зайг гаргаж өгсөн юм аа. Энэ бол өөрт байсан чухал боломжийг ирээдүйд маш хэрэгтэй үнэ цэнэтэй эрх ашигт зориулж золиосолсон хэрэг юм шүү гэдгийг ухаантай хүмүүс бол ойлгоно оо.

Яг энэ үеэс л одоогийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан 14 мега төслийг ярьж эхэлсэн бөгөөд энэ нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тасалдах учиргүй үргэлжлэл юм шүү дээ.
ҮХНӨ-ийг хийж батлуулснаар 2023 оны зургаадугаар сарын 16-ны өдөр Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүгээр Л.Оюун-Эрдэнийн яриад байсан нийгмийн төлөөлөл бүрийг УИХ-д оруулах үүд хаалга нээгдсэн юм. Тэр мөчөөс эхлэн МАН дотор жагсаалтад багтах өрсөлдөөн, тойрог булаалдсан нанчилдаан эхэлсэн. Тэр ч байтугай Ерөнхий сайдыг өөрөө жагсаалтаа тэргүүлнэ хэмээн таамаглаж, мэдэмхийрч эхэлсэн ч Л.Оюун-Эрдэнэ таамгийг эвдэн нэр дэвшин өрсөлдөхөөр шийдсэн. Мөн жагсаалтын 38-ыг сонгохдоо маадгар хүлээж байсан ах нарыгаа “мад тавьж”, УИХ, Засгийн газрын гишүүн байтугай улс төрд “А” ч үгүй хүмүүсээр бүрдүүлж ард түмнээсээ маш өндөр дэмжлэг авч намынхныхаа өмнө үзэн ядагдах зориг гаргасан алхам хийв. 

Гэхдээ энэ нь өөрийнх нь эрх ашиг шингэсэн сонголт байгаагүй юм шүү. Тухайлбал, 2023 оны наймдугаар сарын сүүлчээс эхлэн 21 аймгийг бүрэн тойрч иргэдтэй уулзахдаа бусад намаас урьтаж жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаахаа зарлаад зогсохгүй бусад намд ч үүнийгээ уриалах нь тэр. Мөн жагсаалтын таван хүн тутмын нэг нь эмэгтэй нэр дэвшигч байхаар оруулахаа “тунхаглав”. Ингэснээр өнөөдөр УИХ түүхэнд байгаагүй олон буюу 32 эмэгтэйгишүүнтэй болж, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн хууль тогтоох дээд байгууллагад орж чадав.

Хожим нь энэ алхмыг яаж хийсэн, яавал ингэж хийж болох, юуг даван туулсан талаар нь өөр бусад орны Ерөнхий сайд нар асууж шалгааж байгааг дэргэдээс нь харахад сонирхолтой л байлаа. Засгийн газраас УИХ-д өргөн барьсан төсөв дээр сая юу болов? Ямар реформ “үнэртэж”, тэмтрэгдэж эхлэв? Шинэ парламентын хяналт, тэнцэл ажиглагдаж, мэдрэгдэж эхэлсний дохиог харууллаа шүү дээ.  Өнөөх нутаг усаа, тойргоо л гэсэн жижиг төслүүдээс хальж, 39 том төсөлд суурилж батлагдсан анхны төсвийг 34 жилийн дараа анх удаа үзлээ. Энэ бол холимог тогтолцоо бүхий шинэ парламентын түүхэн хуудасны эхний “гарчиг” төдий. Цаашид бид илүү сайн сайхныг үзнэ. Сүүлийн 30 жилийн түүхэн дэх хулгайчгүй, худалчгүй төрийг цогцлооно. Энэ бол зөвхөн Л.Оюун-Эрдэнийн эрх ашиг, хүсэл мөрөөдөл биш ээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин