Украины Батлан хамгаалахын сайд Рустем Умеров тэргүүтэй төлөөлөгчид Лхагва гаригт Өмнөд Солонгост айлчилж, ерөнхийлөгч Юн Сук Ёлтой уулзжээ. Энэ үеэр талууд Орост дэмжлэг үзүүлэх зорилгоор илгээсэн 10 мянган хойд солонгос цэргийн заналхийлэлтэй холбогдуулан хариу арга хэмжээ авахыг уриалав. Өмнөд Солонгос улс хариу арга хэмжээ авах зорилгоор Украинд зэвсэг нийлүүлэх боломжтой гэдгээ аравдугаар сарын сүүлээр мэдэгдсэн билээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгуулсан тул Өмнөд Солонгос улс Украинд зэвсэг илгээх асуудалтай илүү нухацтай, болгоомжтой хандах шаардлагатай гэж ажиглагчид үзэж байна.
Хойд Солонгосын цэргүүд Украинд байршсанаар гурван жил шахам үргэлжилж буй дайн улам өргөжих аюултай байна. Цаашилбал, Хойд Солонгосын тусламжийн хариуд ОХУ тэдний цөмийн хөтөлбөрийг дэмжиж магадгүй гэж Сөүл, Вашингтон санаа зовж буй. Тусламжийн хариуд ОХУ-аас Хойд Солонгост агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем нийлүүлсэн гэж Сөүл өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Мэргэжилтнүүдийн үзэж байгаар ОХУ үе шаттай хариу тусламж үзүүлнэ. Тиймээс өндөр технологийн цөмийн болон пуужингийн технологийг эхний ээлжинд илгээх магадлал бага аж.
Украины төлөөлөгчид Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Шин Вонсик, Батлан хамгаалахын сайд Ким Ён Хён нартай мөн уулзжээ. Талууд АНУ-тай нягт уялдаа холбоотой ажиллахын зэрэгцээ ОХУ, Хойд Солонгостой холбоотой мэдээллийг үргэлжлүүлэн хуваалцахаар тохирсон байна.
ЭХ СУРВАЛЖ: AP
Сэтгэгдэл байхгүй байна