• Эхлэл
  • Абэ Путиныг төрсөн нутагтаа зочлуулангаа дөрвөн арлын талаар ярилцлаа

Абэ Путиныг төрсөн нутагтаа зочлуулангаа дөрвөн арлын талаар ярилцлаа

2016/12/16

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2016.12.15/ буюу Пүрэв гарагт Японд хийх айлчлалаа эхэллээ. Японы ерөнхий сайд Шинзо Абэ Путиныг өөрийн төрсөн нутаг баруун өмнөд Японы Нагато хотын амралтын газар хүлээж авчээ.

Удирдагч нар энд гурван цаг орчим хэлэлцсэний зарим хэсэг нь ганцаарчилсан уулзалт байлаа. Кремлийн мэдээлснээр эхний өдрийн уулзалт маргаантай гэгдэх дөрвөн арлыг хэрхэн хамтран хөгжүүлэх тухай байсан гэнэ.

Тэд өмнөд Курилын арлууд дээр загасчлал, аялал жуулчлал, соёл, анагаах ухааны чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцсан байна. Уулзалтын дараа Шинзо Абэ сэтгүүлчдэд мэдээлэхдээ “арлын уугуул иргэд төрөлх аралдаа чөлөөтэй зорчдог болох, эдийн засгийн хамтарсан чөлөөт бүс арал дээр байгуулах, энхийн гэрээ” зэргийг хөндсөн гэжээ.

Ингэхдээ ОХУ-ын хуулийн хүрээнд өмнөд Курилын арлууд дээр ажиллахаар болсон байна.

Харин энэ өдөр арлуудын харьяаллын асуудал огт хөндөгдөөгүйг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлжээ.

Мөн Орос-Японы талууд сүүлийн жилүүдэд тасраад байсан батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа сэргээхээр тогтсон байна. Хоёр талын гадаад хэргийн болон батлан хамгаалахын сайд нар оролцсон “2+2” уулзалтыг тогтмол хэрэгжүүлж байхаар тохирсон тухай ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдээллээ.

Лавровын хэлснээр Ази, Номхон далайн бүсэд Америкийн пуужингаас хамгаалах систем нэмэгдэх нь яагаад Оросын санааг зовоож байгааг Япончууд сайн ойлгож авсан гэнэ.

“Энэ тал дээр Оросын санааг зовоож байгаа шалтгааныг манай Японы түншүүд ойлгож авсан гэж бид итгэж байна” хэмээн Лавров өгүүлжээ.

Хэдийгээр Токио-Вашингтоны хооронд онцгой харилцаа байдаг ч Орос, Япон улсууд аюулгүй байдлын ижил ашиг сонирхолтой болохыг баталсан уулзалт боллоо гэж тэр нэмж хэлсэн юм.

Мөн Сири болон Украины асуудлаар талуудын байр суурь бараг нийлж байгааг Лавров мэдээлсэн байна.

Шинзо Абэ уулзалтын дараа Путиныг уламжлалт “Кайсеку” хоолоор дайлсан нь Фугу хэмээх хортой загасаар бэлддэг онцгой зоог байжээ. Ийм загасаар зоог бэлдэх мэргэжилтэн нь зохих эрх бүхий тогооч байдаг аж.

Энэ өдөр Путиныг айлчилж байгаад хүндэтгэл үзүүлэн орон нутгийн сургуулийн үдийн хоолонд борш, пирожки бэлдэж өгсөн тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Зоогийн дараа Абэ Путиныг уламжлалт халуун рашаан буюу онсенд урьсан байна.

Мөн удирдагч нар эхний өдрийн уулзалтын дараа харилцан бэлэг солилцсон гэнэ. Путин Абэд 1870 онд Тулад хийгдсэн самовар бэлэглэжээ. Бас Оросын зураач Игорь Разживиний “Русская тройка в Коломенском” нэртэй уран зураг бэлэглэсэн байна.

Хариуд нь Абэ “Путятины айлчлал” нэртэй уран зургийн өндөр чанартай хуулбарыг Путинд барьжээ. Уг зурагт 1855 онд Оросын адмирал Евфимий Путятин, Японы түшмэл Тошикара Кавази нар анхны Орос-Японы найрамдлын гэрээг байгуулж, дипломат харилцаа эхлүүлсэн түүхэн үйл явдлыг өгүүлдэг юм.

Айлчлалын хоёр дахь өдөр буюу Баасан гарагт Путин Токиод зочилж, талуудын яриа хэлэлцээр үргэлжлэх ажээ.

 

Эх сурвалж: Russia Today

 

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please visit here


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин