Өчигдөр буюу Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп твиттер сүлжээгээр Хятад улсыг валютын манипуляц хийдэг, Өмнөд Хятадын тэнгист цэргийн түрэмгийлэл үйлддэг гэж шүүмжиллээ.
Трамп өнгөрсөн Баасан гарагт АНУ-Хятадын тогтсон харилцааг эвдэж, анх удаагаа Тайваний ерөнхийлөгчтэй утсаар ярилцсан юм.
1979 онд АНУ Тайваниас дипломат харилцаагаа салгаснаас хойш Вашингтон, Тайпэйн удирдагч нарын хооронд ямар нэг албан харилцаа байхгүй болж, Вашингтон “Нэг Хятад” зарчмыг сахих болсон.
Гэтэл Дональд Трамп энэ уламжлалыг эвдсэн нь Бээжинг эсэргүүцэл илэрхийлэхэд хүргэсэн юм. Трамп ч сонгуулийн сурталчилгааныхаа явцад Хятадыг байнга шүүмжилдэг байв.
Ням гарагт Трамп твиттерт бичихдээ “Хятад улс өөрийн валютыг зохиомлоор сулруулж манай компаниудын өрсөлдөх чадварыг муутгахдаа, Хятадын зах зээлд гарах манай бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ноогдуулахдаа (АНУ Хятадын бараанд татвар ноогдуулдаггүй), Өмнөд Хятадын тэнгист цэргийн том бааз байгуулахдаа биднээс асуусан билүү?” гээд “Би тэгж бодохгүй байна!” хэмээн өгүүлжээ.
Хятад бол АНУ-ын хамгийн том худалдааны түнш. Гэвч 2015 онд Америк Бээжинтэй хийсэн худалдаанаас $366 тэрбумын алдагдал хүлээсэн нь өмнөх жилээс 6.6 хувь өссөн үзүүлэлт юм.
АНУ-ын улс төрчид Хятадыг хиймлээр өөрийн валютын ханшийг сулруулж экспортоо дэмждэг гэж байнга шүүмжилдэг. Өнгөрсөн хоёр жил хагасын хугацаанд юаний ханш 15 хувь орчим сулраад байна.
Сурталчилгааныхаа үеэр Трамп тангараг өргөсөн эхний өдрөө Хятадыг “валютын манипулятор” гэж албан ёсоор зарлах ба АНУ-ын нөөцийн санд юаний ханшийг өсгөх яриа хэлэлцээр Бээжинтэй хийхийг даалгана гэж амлаж байв.
Хятад нь Америкийн засгийн газрын нэг их наяд ам.долларын өрийг эзэмшдэг тул ийм хэлэлцээр хийхэд үр дүн муутай, гэхдээ ингэвэл хоёр орны харилцаа муудаж, худалдааны дайныг өдөөнө гэж судлаачид үздэг.
Хятад улс АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд дунджаар 15.6 хувийн импортын татвар ноогдуулдаг бол бусад бараанд 9 хувийн татвар ноогдуулдаг тухай Дэлхийн Худалдааны Байгууллагын мэдээлэлд дурджээ. Харин Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн Америкт хүрэхдээ 4.4 хувийн төлбөр төлдөг бол бусад барааны хувьд 3.6 хувь болдог гэнэ.
Трампыг Тайваний ерөнхийлөгч Цай Ин Вэнтэй утсаар ярьсны дараа дэд ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Майк Пэнс дээрх үйл явдлын ач холбогдлыг бууруулан тайлбарлаж, “энэ бол хүндэтгэл төдий зүйл байсан” гэсэн юм. Харин Хятадын талаарх шинэ бодлого тангараг өргөсний дараа албан ёсоор хэрэгжинэ гэжээ.
Хятад улс Трампын утсаар ярьсныг шууд буруутгахаас зайлсхийж, энэ нь түүний “гадаад бодлогын туршлагагүй” байдалтай холбоотой хэмээн төрийн хэвлэлдээ нийтэлсэн байна.
Эх сурвалж: Japan Times
Англи эхийг энд дарж уншина уу
For English version please visit here
Сэтгэгдэл байхгүй байна