Пакистан Интернэшнл эйрлайнз /Pakistan International Airlines/ компанийн дарга Мухаммэд Азам Сайголын мэдээлснээр Пакистаны хойд уулархаг нутагт өнгөрсөн Лхагва гарагт осолдсон онгоцонд 42 зорчигч, нислэгийн багийн 5 хүн байсан ба ослоос амьд гарсан хүн байхгүй гэнэ. Осол болсон газраас цогцсуудыг гаргаж авах ажил үргэлжилсээр байгаа юм байна.
Цэргийнхний хэлснээр одоогийн байдлаар 40 цогцос олдоод байгаа бөгөөд аврах ажиллагаанд 500 орчим цэрэг, эмч нар, яаралтай тусламжийнхан ажиллаж байгаа юм байна. Цогцсуудыг ослын газраас 20 км зайд байрлах Абботтабадын Aюүб анагаахын төв рүү шилжүүлээд байгаа гэнэ. PIA компанийн PK661 дугаартай онгоц Читрал хотоос нийслэл Катманду руу чиглэлтэй нисэж байсан байна.
Онгоц хяналтын цамхагтай холбоо тасрахаас хэдхэн хормын өмнө онгоцны ахмад онгоцны нэг мотор ажиллагаагүй болсон талаар мэдээлжээ. PIA компанийн мэдээлснээр онгоц орон нутгийн цагаар 16:42 цагт Исламабад хотоос 40 км зайд Хибер-Пахтунхва мужийн газар нутагт осолджээ.
Читрал хот нь Пакистан дах жуулчдын очих дуртай газар юм.
Мухаммэд Азам Сайголын хэлж байгаагаар тус онгоц техникийн үзлэгт тогтмол орж байсан ба 500 цаг ниссэн онгоц бүрт хийдэг техникийн үзлэгээр A үнэлгээ авсан байсан гэнэ. Осол болсон шалтгааныг тогтооход олон улсын агентлагуудтай хамтарч ажиллах болно гэж хэлсэн юм.
Пакистаны засгийн газрын төлөөлөгч Таж Мухаммэд Хан, “Бүх цогцсуудыг хүн танихын аргагүй болтлоо шатсан байна. Онгоцны сэгүүд энд тэндгүй тархсан байна. Гэрчүүдийн хэлж байгаагаар онгоц осолдохоосоо өмнө галд автсан байсан гэнэ” Хэмээн Reuters агентлагт мэдэгдсэн байна.
Засгийн газрын агаарын тээвэр хариуцсан нарийн бичиг онгоц моторын асуудлаас болж осолдсон байж болзошгүй ч яг албан ёсны шалтгааныг хэлэхэд эрт байна гэж хэвлэлийнхэнд мэдэгджээ.
Онгоцонд хоёр Австрийн иргэн, БНХАУ-ын нэг иргэн зорчиж явсан байна.
Тус ослын гэрч болсон Насим Гохарын хэлснээр онгоц осолдсноос хойш 2 цагийн дараа онгоц шатсан хэвээрээ л байсан гэнэ.
PIA гаргасан мэдэгдэлдээ тус онгоцонд зорчиж явсан хүмүүсийн болон нислэгийн багийнхны гэр бүлүүдэд боломжтой бүх зүйлээрээ тусалж байгаа гэсэн байна.
Мөн түүнчлэн тус онгоцонд Пакистаны алдартай поп дуучин Жунайд Жамшэд эхнэрийн хамт зорчиж явсан байна.
Онгоцны осол нь Пакистан улсад элбэг тохиолддог ба онгоцны аюулгүйн ажиллагаа байнга шүүмжинд өртдөг. 2010 онд Исламабадын ойролцоо хүчтэй бороонд өртсөн зорчигч тээврийн онгоц осолдож 152 хүн амь үрэгдсэн. Үүнээс 2 жилийн дараа Пакистаны нэгэн хувийн компанийн эзэмшдэг онгоц осолдож 127 хүн амь үрэгджээ.
PIA компанийн онгоц 1979 онд Саудын Арабд осолдож 156 хүн, 1992 онд Катмандуд осолдож 167 хүний амийг авч одсон байна. 2006 онд PIA онгоц Мултан хотын ойролцоо осолдож 45 хүн амь үрэгдэж байсан түүхтэй.
Эх сурвалж: Reuters
Англи эхийг энд дарж уншина уу
For English version please visit here
Сэтгэгдэл байхгүй байна