• Эхлэл
  • Амьдралын утгыг алдуулсан “АМЬДРАХУЙ”

Амьдралын утгыг алдуулсан “АМЬДРАХУЙ”

2024/10/18

“Амьдрал гэж юу вэ” хэмээх хариулт нь бэлэн асуултыг өөрөөсөө сүүрс алдан асуугаагүй хүн энэ хорвоод нэгээхэн ч үгүй биз. Хариулт нь хүн бүрийн хувьд өөр энэ асуултын хариуг бусадтай адилхан байлгах гэж л хүн зөвхөн өөрөөсөө асуудаг болов уу. Хэрвээ хариулт нь бусдаас өөр гэдгийг мэдвэл хирдхийн цочиж амиа тэвчиж ч мэдэх учраас л зөвхөн өөрөөсөө асууж, хариулдаг байж магадгүй.  

 

Хүний мэдрэхүй өөрийнхөө таньдаг араншинг л үзэн ядаж, өрөвдөн нигүүлсдэг гэдэг тайлбарыг би уншиж байсан юм. Үүнийг урлагтай холбож ойлговол хүн өөрийнхөө амьдралтай ижил амьдрал үзэх гэж, өрөвдөж уйлах гэж, өсөрхөн эгдүүцэх гэж театрт оч, ном уншиж, кино үздэг байх гэдэг гаргалгаа эрхгүй төрнө. 

Гэхдээ урлагт дүрслэн өгүүлснийг албаар хувийн амьдралтайгаа ижилсүүлэн бодохыг хүсдэг нь ч байдаг. Түүгээр явсан гайг үүгээр дуудах гэдэг бил үү дээ. Хүн бүрийн амьдрал ондоо ч ерөнхий агуулга нь нэг учраас ижилсэл олддог хэрэг. Бид урлагаас танихгүй амьдрал, мэдэхгүй араншинг харах нь бий шүү дээ. Хүний сонирхол, шохоорхол ямар барагдах биш. Ямар сайндаа л “Хүний тархины хөгжил хов ярихаас эхлэлтэй” гэж дүгнэсэн байх вэ дээ. Харин би энэ удаа “Орфей” театрын шинэ уран бүтээл болох БНХАУ-ын зохиолч Үй Хуагийн  “Амьдрахуй”романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгийн талаар “хов” ярих гэж байгаа юм.

“Амьдрахуй”-гаас монголчууд ижилхэн амьдрал үзэх гэж очоогүй, бусдын зовлонт амьдралыг гайхаж, цочирдох гэж л очсон. Яагаад гэж үү? Яагаад гэвэл монгол хүний амьдралын философи, хятад хүнийхээс тэс өөр. Амьдралд тэсэх, амьд л үлдэх гэсэн аргаа барсан, үгширтэл зууралдах гэдэг агуулга монголчуудын тархи оюун, цусны улаан, цагаан эсэд байхгүй. 

 

Бид ядруухан амьдрал дээр дэнжигнэж яваа нэгнээ “Муу амьд явахаар сайн үх” гээд шууд л хэлдэг. Тийм байтлаа тэртээ өмнөх зууны, өрөнд баригдсан ямар ч тэмцэлгүй “Урсгал даган хөвөгч” тосгоны золгүй эрийг өрөвдөх гэж театр орсон гэвэл ёстой түүн шиг худлаа юм байхгүй. Талын язгууртан, эсгий туургатан ард түмэн ахуйн зовлонг үл тооно. Бидний зовлон арай том, өргөн агуулгатай. Үүнийг орчин үеийн залуус ухаж ойлгохгүй байж магадгүй л юм.

 

 

 

Зовлон даяаршлагдаагүй 

Харин Хятадын уран зохиолыг, тэдний түүхийг уншиж байхад төрсөн үрээ зараад ч болов тэсэж үлдэх, амьд үлдэх, яаж ийгээд л маргаашийн нарыг харах тэмцлээр дүүрэн байх. Үүнийг л би монгол, хятад зовлон өөр гэж тодотгоод байгаа юм. Өвөг дээдэс маань энэ ялгааг ерөнхийд нь базаад л “Монгол хүн бэлгээр хятад хүн бэлээр” гээд хоёр өөр амьдралын философийг маш тодорхой гаргаж тавьсан байдаг даа. 

Өнөөгийн ертөнцөд зовлонгийн шалтгаан глобалчлагдсан болохоос одоохондоо арай ч зовлон глобалчлагдаагүй байна. Хүн төрөлхтний зовлонгийн шалтгаан шуналаас үүдэлтэй учраас орчин цагт глобал болсон гэж хэлээд байгаа юм. Дэлхийн хоёр туйлт нийгэм нэг туйлт болсноос хойш л бидний амьдралд ийм ойлголт бий болсон. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр “Амьдрахуй” жүжгээс монгол хүний зовлонгийн шалтгааныг олох гэж тархиа гашилгах хэрэггүй. 

Гэхдээ Үй Хуагийн “Амьдрахуй”-н  Фү Гүй үнэхээр тэмцэгч, амьдралын үнэ цэнийг ойлгуулагч нэгэн биш, харин эхнэр нь жинхэнэ амьдрахуй.

 

 

Тэдний Амьдрахуйн  өнгө хар ба улаан, цагаан 

Би театр судлаач, жүжгийн шүүмж бичигч, гүнзгий мэдлэгтэн биш тул төрсөн мэдрэмжээ л сийрүүлэн суугаа  санаатай. “Амьдрахуй” жүжгийн тайз “1984” жүжгийн тайзтай ижил цулгуй өнгөөр бүтсэн агаад мөн ижил өнгөтэй дугуйт шоонуудаар жүжгийн зарим санаануудыг илэрхийлэхээр зохиомжилсон байв. Ерөнхий өнгийг нь хар болгоод л болох нь тэр. Яагаад ийм хүнд бараан өнгийг сонгосныг  ойлгосонгүй. Амьдрал олон өнгөтэй шүү дээ, хэрвээ амьдралын тухай л жүжиг юм бол. 

Танхимд ороод л хамгийн түрүүнд ийм цул хар өнгөөр тайзаа зассаныг нь хараад би эрхгүй агзасхийв. Ганцаараа явсныг хэлэх үү өрөөлдсхийн сууж нүүрээ тайз руу харуулаад, жүжигчдээр хань хийн үзэж дуусгасан гэхэд хилсдэхгүй. Эндээс би цулгуй өнгө намайг айлгадаг юм байна гэдгийг олж мэдлээ. Ийн өөртөө хийсэн нээлтдээ харамсан үзэгчдийг хэсүүлэн харвал залуус танхимыг дүүргэжээ. Амьдралд дөнгөж хөл тавьж буй эдгээр залуус яг л над шиг цулгуй өнгөнөөс айн хирдхийж “Хэрвээ амьдрал ийм юм бол...” гэж цөхрөх вий хэмээн бодлоо. 

 

Тайзан дээр өөр хоёр өнгө орж ирсэн нь цагаан ба улаан. Хар, цагаан, улаан өнгөний хоршил урд зүгийхэнд ч тэр бидний үеийхэнд ч тэр гашуудлыг илэрхийлдэг. Магадгүй надад ийн санагдсан болоод илүү хүнд туссан байхыг үгүйсгэхгүй. Цагаан бөмбөлөгүүдээр амьдралд тохиолдох асуудлуудыг илэрхийлээд байна уу гэж бодсон минь өөр олон хүний таамагтай нь нийцэж байна. 

Дугуйтай шоонууд амьдралын үндсэн асуудлууд юм шиг. Жүжгийн гол дүрийн нэг Жиа Жэн буюу гавьяат жүжигчин Д.Ганцэцэгийг хоорондоо холбоотой олон асуудал дээр зогсоож амьдралын гүн эргүүлэгт оруулан эргэлдүүлж, түүн лүгээ татан оруулж буйг үзүүлсэн нь уг жүжгийн хамгийн шилдэг хэсэг нь байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. 

Улаан бөмбөлгүүд хүний амьдралын эхлэл төгсгөлийг илэрхийлсэн байх. Тайзны заслыг харагдах байдлын хувьд адилхан давтсан санаа гэсэн болохоос агуулгын хувьд мэдээж өөр. Тэнд нэгэн толь өлгөөтэй байх ба жүжгийн турш ганц удаа л бууж ирлээ. Юун тухай юм бол, бас л нэг өгүүлэмж биз ээ.

 

 

Тарган Фү Гүйн тэмцэлгүй амьдрал 

Үнэнээ л хэлье би. Ганцэцэг гэдэг жүжигчин бүсгүйг үнэхээр шүтэж байна. Түүний өмссөн хувцас, өрнөх амьдрал ямар байснаас үл шалтгаалаад тэрбээр эцэг эхээс заяасан унаган нэр шигээ ган цэцэг байж чадлаа. Үй Хуагийн Жиа Жэнд тохсон амьдрахуйн зовлонг чин сэтгэл, ган шиг хатуу итгэл, өөрийнхөө хувьд үнэнч хайрын хүчээр туулан гарч ирэв. Яг л цэцэг мэт эмзэг турьхан, өнгөлөг агаад гоо. 

Түүний урлахуйн он цагт нэгэн тэнгэр дор амьдрахуйн утга учир түүнийг харан баясах л мэт. Жүжиг, театрын гүн мэдлэгтнүүд Ганцэцэгийг жүжигчин Болд-Эрдэнэгүйгээр төсөөлшгүй мэт бичдэг нь худлаа гэдгийг тэр баталж орхилоо. 

Тарган Фү Гүйг туранхай мэт харагдуулж чадсан нь тэр. Амьдралаа аврахаар хичээн зүтгэж буй Жиа Жэн яг л Д.Ганцэцэг шиг гялалзсан нүдтэй, хурдан шалмаг хөдөлгөөнтэй нэгэн байх нь гарцаагүй. Жүжигчин Д.Баттөмөрийн хувьд үүргээ л гүйцэтгэв үү гэж надад бодогдсоныг нуух юун. Жүжгийг үзсэн зохиолч, сэтгүүлч Р.Эмүжин “Өлсөөд ширхэг будаа булаацалдаж буй гол дүрийн Фү Гүйд жин ихтэй банш Батаа бандайтал тоглосон нь урлагийн гоо сайхныг алдууллаа” гэдэг утгатай бичсэн нь миний санаатай яв цав нийцэж байв. Жүжиг эхлэхэд л гол дүр үзэгчдийг амьдралынхаа гэрчээр дуудсан нь шүүх хурал эхэлж буй мэт. Ухаан нь зохиолчийн уншигчдад үүрүүлдэгтэй ижил хариуцлага юм даа. 

 

Үйл явдлын тухайд бол гол дүр Фү Гүйн амьдралын зурвасхан хэсэг болох Хятадын соёлын хувьсгал, түүний үр дүнд гарсан нугалааг жүжигт нэлээд өргөн агуулгаар оруулж ирсэн нь улстөрийн шинжтэй болгож орхилоо гэж надад санагдав. 

Энэ хэсэг эх зохиолдоо нэлээд инээдэмтэй байдлаар дүрсэлсэн байдаг л даа. За энэ яах вэ. Фү Гүйн мөрийтэй тоглоомд донтож, эмсийн хүрээлэнгээр хоног төөрүүлэн амьдралаа үрж буй хэсэгт гарах эротик дүрслэл ёстой “Түй” гэмээр байлаа. Жүжиг, кино, тууж романд заавал нэг эротик дүрслэл орох ёстой, үүнийг урлагаас салгах аргагүй гэдэг бодлыг хэн орчин үеийн уран бүтээлчдийн тархинд сийлж орхисон юм бол гэж би гайхсаар л байдаг. Бусад дүрүүдээс хувьд миний л хувьд жүжгийн гилжгий хүргэн л Ганцэцэгийн дараа анхаарал татсан хамгийн үзүүштэй нь байлаа. Жүжигт хоёр ч Ардын жүжигчин оролцон тоглосон байлаа. Мөн Гавьяат жүжигчин Б.Нармандах Фү Гүйн ээжийн дүрд тогложээ.

 

 

“Амьдралаа би чамд хайртай” гэдэг гаслангийн дуу биш

 “Амьдрал аа би чамд хайртай” дууг бид Гавьяат жүжигчин Э.Бүрнээбаярын дуулснаар сонсож өссөн. Гавьяат маань энэ дууг яльгүй гэгэлгэн хэрнээ хүсэл тэмүүллээр дүүрэн залуу нас, амьдралыг хайрлан дуулж байгаагаар бидэнд хүргэсэн юм л даа. Ийм хөг аялгаар сонсох нь надад лав таатай байсан хэрэг. Э.Бүрнээбаяр энэ дууг ард түмний анир сонороор дамжуулан сэтгэлийнх нь дэвтэрт сийлээд өгчихсөн болохоор гавьяат жүжигчин гэдэг эрхэм цолыг нүүр бардам авсан.

Дуугаа ард түмэнд хүргэсэн шиг дуу нь гавьяатыг ард түмний охин болгосон юм. Яагаад гэнэт энэ дууны талаар яриад эхлэв ээ гэж үү. Ард түмний хайртай энэ дууг “Амьдрахуй” жүжгийн дуугаар сонгосонд учир нь бий. Орчин үеийн рок попын шилдэг дуучдын нэг Б.Маралжингоо тухайн дууг орчин үеийн хэлбэрт оруулж жүжгийн төгсгөл хэсэгт дуулж байв. Жүжгийн миний ойлгосон агуулгатай энэ дууны үг, ая ерөөсөө нийлэхгүй. 

 

Би М.Батболд найруулагчаас “Амьдралаа би чамд хайртай” гэдэг гуравхан үгэнд нь анхаарал хандуулаад дууны үгийг бүтнээр нь уншаагүй юм уу” гэж асуумаар байгаа юм. Б.Маралжингоо энэ дууг хачин эвгүй хоосон өнгөөр дуулснаар зүгээр л гаслангийн дуу болгож орхилоо. Хэдийгээр жүжгийн гол агуулга амьдралын үнэ цэнийг өгүүлэх нь дууны агуулгатай нийцэх ч амьдралын үнэ цэнийг ямар маягаар мэдэрч байгаа нь өөр юм шүү. “Амьдралаа би чамд хайртай” гэдэг дуу гаслангийн дуу биш шүү залуус аа.

Ахиад халье. Би театр, жүжгийн гүн мэдлэгтэн биш. Гэхдээ урлагийн гүн мэдрэмжтэй гэдэгтээ итгэлтэй байдаг. Тийм болохоор урлагт юу хэрэгтэй, юу хэрэггүй вэ гэдгийг мэдрэмжтэй үзэгчийнхээ хувиар шүүж хэлэхэд болох байх. Урлаг гэдэг үгийнхээ үндсээс эхлээд л ур чадвар шаарддаг зүйл гэдгээ илэрхийлдэг. Түүнд үзэгчийн сэтгэлийг соронздон татах шид байдаг болохоос өөрөөсөө зугтаалгах ид байдаггүй гэж би бодно. “Урлаг бол амьдралд шархалсан хүмүүний тайвшрал”гэж Винсент Ван Гог хэлжээ. Театрт тайвшрахаар очдог болмоор байна шүү залуусаа. Эцэст нь “Орфей” театрын залууст хандаж хэлэхэд “Хийж буй учраас хэн нэгэн та бүхнийг өөрийнхөөрөө бодож, шүүх л болно, ярих л болно”.

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №038/24617/ 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин