• Эхлэл
  • Дүүргийн Засаг дарга нарт горилогчид

Дүүргийн Засаг дарга нарт горилогчид

2024/10/16

НИТХ-ын сонгуульд 45 суудлаас МАН 40 суудал авч нийслэлд олонх болсон.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд нийслэл Улаанбаатар хотын Захирагчид НИТХ-ын МАН-ын бүлгийн хуралдаанаас Х.Нямбаатарыг нэр дэвшүүлж, Нийслэлийн ИТХ-ын анхдугаар чуулганы хуралдаанаар /2024.10.14/ нийт төлөөлөгчийн олонхийн саналаар улиран сонгохыг дэмжиж, уг шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр тогтсон.

Мөн Нийслэлийн ИТХ-ын даргаар А.Баяр нийт төлөөлөгчдийн 86.7 хувийн саналаар сонгогдсон.  

Мөн энэ долоо хоногт багтаж дүүргүүдийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг хуралдуулах тов гарсан. Дүүргийн ИТХ-ын хурлаас дарга болон дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлж, Нийслэлийн Засаг даргад нэрсийг нь хүргүүлнэ. 

Тиймээс аль дүүрэгт хэн Засаг дарга болох нь олны анхаарлыг татаж байна.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААР Б.ХУЯГБААТАРЫГ УЛИРААН ТОМИЛОХ УУ?

Сонгинохайхан дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Ц.Төрхүү, Г.Батзориг, Ц.Бөттөр, Э.Хулан, Б.Сэргэлэнбаатар, Х.Нямбаатар, Д.Ундармаа, Ж.Сандагсүрэн Б.Хуягбаатар, Г.Батбаяр нар НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Тус дүүргийн Засаг даргаар Б.Хуягбаатарыг улираан томилох бололтой. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул түүний оронд дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б.Хуягбаатар Засаг даргаар ажиллаж буй. Б.Хуягбаатар нь 2013 оноос СХД-ийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих мэдээлэл сургалтын төвийн мэргэжилтнээс эхлэн өнгөрсөн дөрвөн жилд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Хурлын дарга, Засаг даргаар ажилласан. 

 

Х.НЯМБААТАРЫН БАРУУН ГАР Г.УУГАНБАЯР БЗД-ИЙГ УДИРДАХ УУ?

Нийслэлийн хамгийн олон хүн амтай, тулгамдсан асуудал ихтэй тус дүүрэгт МАН-аас Г.Ууганбаяр, Ч.Батзориг,А.Баяр, Б.Мөнхбаатар, Э.Одонтуяа,Г.Жаргалсайхан, Ү.Оюунзул, Д.Даваадалай, Д.Жавхлан нар, Ардчилсан намаас Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт нар сонгогдоод буй.  Нэгэнт МАН дүүрэгтээ олонх болсон учраас МАН-аас Засаг даргаа томилох юм.

Тус дүүргийн Засаг даргаар Г.Ууганбаярын нэр яригдаж байгаа бөгөөд түүнийг хотын дарга Х.Нямбаатарын баруун гар гэдэг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын хот, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан зөвлөхөөр Г.Ууганбаярыг хэдхэн хоногийн өмнө томилсон нь гэнэтийн шийдвэр байгаагүй биз. Г.Ууганбаяр нь СХД-ийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаас төрийн албаны гараагаа эхлүүлж, Улаанбаатар хотын ЗАА-ны Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтсийн даргаар ажилласан.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААР Ө.СУМЪЯАБААТАР УЛИРАХ УУ, Б.СЭМЖИДМАА СОНГОГДОХ УУ?

Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Ө.Сумъяабаатар, Ж.Батбаясгалан, Б.Сэмжидмаа, Д.Энхбаяр, Ч.Мэндбаяр, Э.Энхтөр нар НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Тус дүүргийн Засаг даргаар Ө.Сумъяабаатар болон Б.Сэмжидмаа нарын нэр яригдаж байна. Ө.Сумъяабаатар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Засаг даргаар ажилласан. 

Харин Б.Сэмжидмаагийн хувьд улс төр судлаач, багш мэргэжилтэй, МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүлэгч, удирдах ажлыг олон жил хийсэн туршлагатайгаас гадна өнгөрсөн дөрвөн жил БГД-ийн ИТХ-ын даргаар ажилласан юм.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААР Д.БАДАРСАН ТОМИЛОГДОХ УУ?

Сүхбаатар дүүргээс НИТХ-д  Ардчилсан намаас М.Эрдэнэсүх, Д.Бадарсан, МАН-аас Б.Ану-Үжин, Б.Дөлгөөн нар сонгогдоод буй. НИТХ-д намуудын төлөөллийн тоо тэнцсэн ч дүүргийн ИТХ-д Ардчилсан нам олонх болсон. Тиймээс дүүргийн ИТХ-д олонх болсон Ардчилсан намаас Д.Бадарсаныг тус дүүргийн даргаар томилох асуудал яригдаж буй. Д.Бадарсаны хувьд өмнө нь тус дүүргийн Засаг даргаар 2012-2016 онд сонгогдон ажиллаж байсан. Дүүргийнхээ асуудлыг мэддэг, дүүргээ удирдаж явсан туршлагатай.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГАД Л.ХОСБАЯРЫН НЭР ЯРИГДАЖ БАЙНА

Хан-Уул дүүрэгт  МАН-аас Б.Мягмарнар, Ж.Энхжаргалан, А.Амартүвшин, Л. Хосбаяр, Г.Батсайхан, АН-аас Г.Зундуйдорж нар НИТХ-д сонгогдоод буй. Тэгвэл тус дүүргийн Засаг даргаар Л.Хосбаярыг томилох асуудал яригдаж байна. Л.Хосбаяр нь 2023 оны 10 дугаар сараас НЗДТГ-ын даргаар ажиллаж байгаад өнгөрсөн долоодугаар сараас эхлэн НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж эхэлсэн. Мөн НИТХ-ын анхдугаар чуулганаар түүнийг Нийслэлийн ИТХ-ын даргаар томилох тухай асуудал ч мөн хөндөгдсөн юм. НИТХ-ын даргаас мултарсан түүнийг Хан-Уул дүүргийн Засаг даргаар томилох торхироо явагдсан байна.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙГ ЗАСАГ ДАРГАД З.ТӨМӨРТӨМӨӨГИЙН НЭР ЯРИГДАЖ БАЙНА

Чингэлтэй дүүрэгт МАН-аас Н.Мандуул, З.Төмөртөмөө, Б.Мөнхбат, Л.Ариунтуяа нар НИТХ-д сонгогдоод буй.  Тэгвэл тус дүүргийн Засаг даргад З.Төмөртөмөөгийн нэр яригдаж байна. Өнгөрсөн хугацаанд Засаг даргын хоёрдугаар орлогч, Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийг удирдаж байсан. Тиймээс Чингэлтэй дүүргийн гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах ажилд гар Хотын дарга Х.Нямбаатартай гар нийлж ажиллах боломжтой гэж үзсэн байна.

Багануур дүүрэгт МАН-аас С.Даваасүрэн,Т.Отгонболд нар НИТХ-д сонгогдоод буй.  Тэгвэл өнгөрсөн хугацаанд дүүргийнхээ ИТХ-ын даргаар ажилласан Т.Отгонболдыг Багануур дүүргийн Засаг даргаар томилох асуудал яригдаж байна. 

Засаг дарга нарын сунгаа энэ долоо хоногт өндөрлөж, аль дүүргийг хэн удирдах нь тодорхой болох юм.


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин