...Арилжаа...

2024/01/19

...Арилжаа…

Эрх мэдэл, ямба мяндаг хэдэн тэрбумаар үнэлэгдэж, төрд өмч төвлөрүүлж, татвар төлөгчдийг золиослож, дээрэм тонуул хийх ичгүүргүй явдал суудал 2000 оноос  эхлэн ногоон гэрлийн компан нэрийдлээр тусгай эрх даварч, арын хаалгаар авилгал савирч, эдүгээ ногоон автобус болон тодорч, ноцтой олон янзын суйлаа болон хээл хахуул хөвөрч улс төрчид бие биенийгээ барьцаалах хуйвалдааны онол гаарч байна.

Улс төрчид эрх мэдэл, хэргэм зэргийг арилжаалж цулайцгаасан.

Энэ арилжаа сүүлрүүгээ хэдэн тэрбумаар дамлагдан тооцогдож, сонгууль ойртох тусам социалист сияами ихрүүд нам нам дотроо нэр дэвшилтийн наймаа арилжааны үнэ ханшаа тохиролцон цүнх баригч авилгачдын дамжаа, хуйвалдаан хүчтэй болж, дарга удирдлагаа тойрсон зусардал эрчээ авч эхэллээ.

Ийнхүү эрх мэдэлд хүрэх арилжаа жилээс жилд өсч улс төрчид үнэ хаялцан тохирч улс үндэстнийг доройтуулж сөхрүүлэн гэмт үйлдэлтэй хэрэг хам улс төрийн бүлэглэлүүд сонгуулиар дараагийн дөрвөн жилийн эрхээ авахаар улайрч байна.

Албан тушаал эрх мяндагийг арилжаалагчид арван хувиас эхлүүлэн банк, нүүрс, төмөр зам…тонохгүй юм алга.

“Эх орон, ард түмний”нэрийг баригч сөөнгө хоолойт Хамас хүүхнээ хөтлөн  ГХО-ыг эсэргүүцэж өөрсдийнхөө, ихэнхдээ Хятадаас оруулж ирсэн ХОруулалтаа хаацайлангаа цусны шинжилгээ ярьж эрлийз  хүүхдүүдээ хээв нэг мартчихаад бусдыг адлан, хүнийг эрлийз хурлийзаар нь дуудан үндсэн хуулинд заасан нас, хүйс, гарал үүслээр ялгаварлан гадуурхахгүй байх заалтыг зөрчин, ороz ФСБ- н даалгавраа дуулгавартай гүйцэтгэн, өөрийн хэрэг хам УИХ-ын хөтлөгчөөр алх цохиулан гайхуулав.

Эрх чөлөө боолчлол хоёр харш, эрх үүрэг хоёр эсрэгцэл болой.

Эрх чөлөөгүй бол боолчлол,хүчирхийлэл гаарна.

Эрх, хариуцлага үгүй бол үүрэг хүлээсэн сүрэг олшроно.

Хувь хүний эрх дээдлэгдэг, хувийн өмчийг  дэлгэрүүлдэг эрх чөлөөт тогтолцоонд хүн жаргалтай амьдарч аз жаргалаа цогцлооно. 

Төрийн занхагар бүтцийг цомхон болгож, авсаархан татварлаж, бизнесийн таатай орчинг бүрдүүлж, үнэ чөлөөлөн, чөлөөт өрсөлдөөнийг өөгшүүлэн хараат бус эдийн засгийг бэхжүүлж, хүмүүс хоорондоо арилжаа худалдаагаа хийж хаана хаанаа,хэн хэндээ хожоотой амьдрах боломж бол жинхэнэ эрх чөлөөний баталгаа бөлгөө.

Эрх мэдлийн наймаа нь чөлөөт арилжааг устгаж зөвхөн дарга нар хямд аргаар цулайж харгислал хүчирхийллийг буй болгодог.Төрөөс хөндөлсөх хүнд суртал устсан цагт хүмүүс хоорондын сайн дурын арилжаа нь бие биенээ хөгжүүлэн өөгшүүлдэг. 

Төрийн садаагүй чөлөөт эдийн засаг бол хүн болгон баяжин өөдлөх суурь мөн.Хүн нь баяжваас үндэстэн баяжина.

Та аль арилжааг нь зөв гэж үзэх вэ?!

Эндээс л бүх гарц харагдана.

Хүний эрхэн зовлонтой жаргах ?

Өөрийнхөө эрхээр жаргалтай зовох уу?

АЙН!!!

Д.Сосорбарам 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин