ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 15 /CNBC/. Дэлхийн эдийн засгийн чуулган Швейцарын Давос хотноо “Итгэлийг эргэн сэргээе” уриан дор энэ сарын 15-19-ний өдрүүдэд болно.
Энэ удаагийн чуулган Ойрхи Дорнодод үүсээд буй геополитикийн хурцадмал байдал, дэлхийн худалдааны асуудал хурцдаж байгаа үед болж байна. Үүний зэрэгцээ инфляц, эдийн засгийн өсөлт, Украины дайн, технологийн өөрчлөлт, дэлхийн хуваагдал зэрэг нь хэлэлцэх асуудлуудын жагсаалтад багтана.
“Давос-2024”-т оролцох хамгийн жинтэй улс төрийн зүтгэлтнүүд нь Хятадын хоёр дахь өндөр албан тушаалтан болох Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар болж магадгүй бөгөөд тэдний хэн хэн нь илтгэл тавих юм.
Э.Макрон бол Давосыг зорьж буй “Долоогийн бүлэг”-ийн цорын ганц удирдагч бөгөөд өнгөрсөн жил тус бүлгээс Германы Канцлер Олаф Шольц ганцаараа оролцож байв. Амьжиргааны өртгийн хямрал үргэлжилж, дотооддоо шийдэх асуудал их байгаа энэ үед улстөрчид уг арга хэмжээнд оролцохоос болгоомжилж байна хэмээн зарим шинжээч үзэж байна.
Жо Байдены хувьд АНУ-ын Ерөнхийлөгч болсноосоо хойш тус чуулганд нэг ч удаа оролцоогүй бол Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак ч мөн оролцож байсан удаагүй юм. Гэхдээ энэ жил Испани, Бельги, Колумби, Ирак, Ливан, Ирланд, Кени, Нигери, Тайланд, Сингапур зэрэг олон орны удирдагчид, Сангийн сайд нар оролцох гэж байна.
АНУ-ыг төлөөлөн Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, Ерөнхийлөгчийн уур амьсгалын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Жон Керри нар оролцоно. Ж.Салливан Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн боловсруулсан 10 заалт бүхий энхийн төлөвлөгөөний талаарх “Украины асуудлаарх үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдийн уулзалт” болон хэвлэлийн бага хуралд оролцох төлөвтэй байна. Уг төлөвлөгөөг олон улсын ажиглагчид ихээхэн хэлэлцсээр ирсэн боловч Оросын удирдлага татгалзжээ.
Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей лхагва гарагт тавихаар төлөвлөж буй илтгэлээрээ оролцогчдын гайхшралыг төрүүлж магадгүй байна. Үүрэгт ажилдаа ороод удаагүй байгаа тэрбээр мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг унагаах зэрэг эдийн засгийн хэд хэдэн цочир арга хэмжээ хэрэгжүүлснээр дотооддоо эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүргээд байгаа юм. Мөн тэрбээр эдийн засгийг долларжуулж, Төв банкийг татан буулгана гэж амласан юм.
Харин бизнесийн салбарын томоохон төлөөллүүдээс гэвэл, ChatGPT чатботыг бүтээгч OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Альтман оролцох бөгөөд тэрбээр Их Британийн Сангийн сайд Жереми Хант, Pfizer компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла нарын хамтаар технологийн аюулгүй байдал, итгэлцлийн талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.
Мөн Олон улсын валютын сангийн тэргүүн Кристалина Георгиева, Дэлхийн банкны тэргүүн Ажай С.Банга, Дэлхийн худалдааны байгууллагын тэргүүн Нгози Оконжо-Ивеала зэрэг дэлхийн эдийн засгийн томоохон зүтгэлтнүүд уламжлал ёсоор оролцоно. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн Антонио Гутерриш, НАТО-гийн тэргүүн Йенс Столтенберг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус, Human Rights Watch байгууллагын гүйцэтгэх захирал Тирана Хассан зэрэг олон улсын байгууллага, иргэний нийгмийн бүлгүүдийн удирдлагууд оролцоно.
ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ
Сэтгэгдэл байхгүй байна