• Эхлэл
  • Япон: Газар хөдөлснөөс хойш цацраг идэвхийг тогтмол хэмжиж байна

Япон: Газар хөдөлснөөс хойш цацраг идэвхийг тогтмол хэмжиж байна

2024/01/02

Японы Ишикава мужид шинэ оны эхний өдөр 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Уг газар хөдлөлтийн улмаас нас барагсдын тоо найм болжээ. Мөн Тояама, Нийгата зэрэг дөрвөн мужид олон арван хүн шархадсан байна.

Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт 16 км-ийн гүнд байжээ. Газар хөдлөлтөөс үүссэн цунами Японы тэнгисийн эрэг дагуу Хоккайдогаас Кюүшю хүртэлх өргөн уудам нутгийг хамарч үүссэн бөгөөд хамгийн өндөр цунами Ишикава мужийн Важима хотод ажиглагджээ. Тодруулбал, Важима хотод цунамийн давалгаа 120 см хүрсэн байна.

Газар хөдлөлтийн дараа гал гарсны улмаас эргийн Важима хотод 100 гаруй дэлгүүр, байшин шатжээ. Зарим газарт одоо ч гал бүрэн унтраагүй байна.

Цунамийн аюулын түвшингээс хамаарч "өндөр түвшний", "энгийн", "зөвлөмж" гэсэн гурван янзын сэрэмжлүүлэг зарладаг. Газар хөдлөлтийн дараа "өндөр түвшний" сэрэмжлүүлгийг хэсэгчлэн зарласан байсан. Тэгвэл өнөө өглөө Япон тэнгистэй хиллэх далайн эрэг дагуу "зөвлөмж" буюу гуравдугаар шатны сэрэмжлүүлгийг цуцалжээ.

Японы төвийн Тояама, Каназава хотуудын хооронд дөрвөн суман галт тэрэг гацсан байсан. Галт тэрэгнүүд 11 цаг гаруй гацсаны эцэст өнөө өглөө зорьсон газартаа хүрчээ. Бараг 1400 зорчигч эдгээр галт тэргэнд гацсан байжээ. 

Хокурику бүсийн Цахилгаан эрчим хүчний дамжуулах, түгээх шугам тасарснаас болж Ното бүс нутагт 33 мянган өрхийн цахилгаан эрчим хүч тасарчээ. Түүнээс гадна Нанао хотын Нанао Дайдэн дулааны цахилгаан станцын 1 ба 2 дугаар зуух зогсчээ. Шига хотын “Шига цөмийн цахилгаан станц”-ын 1 ба 2 дугаар станцыг газар хөдлөлт болохоос өмнө зогсоосон байна. Хяналтын явцад хэвийн бус зүйл ажиглагдаагүй бөгөөд цацраг идэвхийг тогтмол хэмжиж байна.

Газар хөдлөлт хамгийн хүчтэй болсон Ишикава мужид 123 монгол иргэн оршин суудаг. Ишикава мужтай хиллэх Тояма мужид 111 хүн, Фүкүй мужид 43 хүн тус тус оршин сууж байна. Элчин сайдын яамны зүгээс монгол иргэдэд хандан 2 удаагийн сэрэмжлүүлэг гаргажээ.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ: Эх сурвал: \news.mn\Газар хөдлөлтийн дараах аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд нас барсан хүний тоо 30 болоод байна. Японы албаныхны мэдээлснээр, хохирогчдын тоо цаашид өсөх магадлалтай байна. Хохирогчдын олонх нь модон байшин нь нурснаас дарагдсан өндөр настай хүмүүс байна. Түүнчлэн нурангид дарагдсан байж болзошгүй гэж үзэж буй 14 хүнийг эрэн хайсаар байгаа аж.

Эх сурвалж: CNN, Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яам


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин