Цахим хөгжил, харилцаа холбооны яам/ЦХХХЯ/-ны сайд Н. Учрал өнөөдөр/2023.12.14/ "PUBG Mobile"-ийн дэлхийн аваргад амжилттай оролцсон баг тамирчдыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр уулзалтын үеэр "PUBG Mobile"-ийн дэлхийн аваргын шагнал хүртсэн багуудын бэлтгэлийн байруудад олон улсын интернетийн гарцнаас шууд холболт хийж өндөр хурдны интернэтээр үнэгүй хангана гэдгээ мэдэгдсэн юм.
"IHC" ХХК-ийн үүсгэн байгуулагч О.Мөнхжин:
-Kрипто валютад хүч үзэж байгаагийн хувьд шинэ цахим спортод сонирхолтой, оролцож байгаа залуусыг дэмжих хэрэгтэй гэж ярилцсаны үр дүнд хөрөнгө оруулахаар шийдсэн. Тэмцээнд оролцож байгаа залуусыг арын албанд санаа зоволтгүй болгох үүднээс сар бүр цалинжуулж, тэмцээний зардлыг гаргадаг. Гэрээний дагуу тэмцээний шагналын ихэнх хувийг залуучууд өөрсдөө авч харилцан ашигтай ажилладаг. Төрөөс интернэтийн шууд холболтоор хангаж байгаа нь нүдээ олсон дэмжлэг болж байгаа. Өнгөрсөн жил "Counter-Strike"-ийн багаа Европын хэсэгт тоглоход интернетийн хурдны зөрүүнээс буудалт, тоглолтод асар их өөрчлөлт ордог учраас Туркт амьдруулж тэмцээнд тоглуулахаар төлөвлөж байсан. Одоо шууд холболтоор гацалтгүйгээр тоглоно гэдэг маш том давуу тал болно.
ЦХХХЯ-ны сайд Н.Учрал үргэлжлүүлэн “Цахим спортыг эдийн засагт эерэг түлхэц болохуйц эерэг нөлөөт салбар гэж харж байгаа бөгөөд төрөөс энэ төрлийн спортын тамирчдыг дэмжиж ажиллах цаг болжээ” гэж хэмээгээд “IHC Esports” багийг “Цахим элчээр” тодруулж ирэх жил тэмцээн уралдаанд ороход нь виз болон бусад шаардлагатай зүйлсээр Засгийн газар, яамны зүгээс дэмжихээ илэрхийлжээ.
Монголын баг тамирчид ДАШТ-ийн шагналын мөнгөнийхөө татварыг Турк улсад төлсөн учир Монгол улсаас шагналын татвар давхар тооцохгүй аж.
Сэтгэгдэл байхгүй байна