• Эхлэл
  • Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчид шинэ супер "хонгил"-ын систем угсарч өгөх гэж байна

Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчид шинэ супер "хонгил"-ын систем угсарч өгөх гэж байна

2023/11/24

"Улс төрийн захиалгаар хүссэн үр дүнг гаргаж өгдөг шүүхийн систем угсрах гэж байна"

Өнгөрсөн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар Авлигын дагнасан шүүх байгуулахаар болсон ба авлигын дагнасан шүүх байгуулагдах хүртэл "авлига албан тушаалын гэмт хэрэг"-ийг анхан шатны шүүхээр шийдвэрлэхгүй шууд давж заалдах шатны шүүхээр хэргийг шийдвэрлэдэг байх тухай мэдээлсэн билээ. 

Тэгвэл энэ шийдвэрийн талаар Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин Ардчилсан намын байр суурийг илэрхийллээ. 

Тэрээр "Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэртэй холбоотой мэдээлэл хийе. Хууль зүйн сайд шүүхийн тогтолцоонд өөрчлөлт оруулах санаачилга гаргасан байна. Тодруулбал, Авлигатай Тэмцэх Газрын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготой авлигын дагнасан шүүх байгуулах талаарх санаачилгыг гаргажээ.

Монголд авлига хавтгайрсан, ужгирсан нь тодорхой. Өнөөдөр эрх мэдэлд байгаа хүмүүс сүргээрээ хулгай хийж байгаа ийм нөхцөлд авлигатай тэмцэх үйл ажиллагаанд чиглэсэн ямар ч санаачилгыг эсэргүүцэж, зогсоох сонирхол Ардчилсан намд байхгүй. Гэхдээ авлигатай тэмцэх нэрийн дор өрсөлдөгчөө намнах, улс төрийн өөр үзэл бодолтой хүмүүсийг өрсөлдөөнөөс гаргах, өөрсдийн авлигыг бүдгэрүүлэх оролдлого хийх нь огт шударга зүйл биш.

Засгийн газрын санаачилгын хамгийн аюултай нь бидний олон жил ярьж буй "хонгил" гэдэг зүйлийг маш богино, ахархан, хурдан хугацаанд үр дүнтэй ажиллуулах, шинэ супер хонгилын системийг санаачилж байна. Шууд хэлбэл улс төрийн захиалгаар хүссэн ПиАр-ынх нь үр дүнг гаргаж өгдөг шүүхийн тогтолцоотой болох шийдлийг Засгийн газраас гаргаж байна.

Зимбабве, Афганистан, Малайз, Уганда зэрэг улс 17 улс Авлигын дагнасан шүүхтэй. Тэдгээр улс орнууд Авлигын дагнасан шүүхтэй болсноор "авлига буурсан гэх үнэлгээ огт гараагүй" нь үр нөлөөний судалгаанаас харагдаж байна. 

Харин эсрэгээрээ улс төрийн өрсөлдөгчөө авлигын хэргээр намнахад зориулсан, "богино хугацаанд сонгуулийн цикл дотор улс төрчид нэг нэгнээ намнадаг, гар хөл нь болдог шүүхийн тогтолцоотой болсон байна" гэх үнэлгээ гарсан байдаг.

Энэ улс оронд шүүхийн систем иргэний эрхийг хамгаалахад зориулагдсан байдаг болохоос биш хэн нэгэн эрх мэдэлтэн өөрөөсөө өөр үзэл бодолтой хүнийг үтэр түргэн там руу нь илгээх, дууг нь хаах "хонгил" байж болохгүй.

Авлигатай Тэмцэх Газрыг дээд шүүхэд төвлөрүүлэх замаар Монгол Улсын Ерөнхийлөгч хамгийн том эрх мэдэлтэн болж хувирна.

Ерөнхийлөгчийн гарт дээд шүүх гэдэг алх бариулбал бүх улс төрийн эрх мэдэлтэн хадаас болж хувирна. Үзэл бодол нь зөрүүтэй хэн дуртай албан тушаалтнаа тэр алхаараа балбана гэсэн үг. Үе үеийн Ерөнхийлөгчийн зүгээс ийм далд санааг хөшигний ард гаргадаг байсан.

Энэ санаачилгыг өмнө нь болохгүй гэдэг дуу хоолойг ХЗДХЯ-ны зүгээс дэвшүүлж, үүнд болгоомжтой хандах ёстой гэдэг санаачилга гаргадаг байсан.

Харамсалтай нь энэ удаа ХЗДХЯ-наас энэ санаачилгыг гаргалаа. Өөрөөр хэлбэл одоогийн Ерөнхийлөгчид маш хурдтай ажилладаг богинохон супер хонгил угсрах боломжийг бий болгож өгөх гэж байна. Энэ хил хязгаарыг өнөөдрийн эрх баригчид задалж байна. Үүнийг эргэж хараасай" гэв.


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин